НӨАТ-ын 47 ажилтан 89 удаа азтан болжээ

Админ
2021/02/04

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр /2021.02.03/ НӨАТ-ын сугалааны талаар мэдээлэл хийлээ. НӨАТ-ын сугалааны IT ажилтан 36 удаа азтан болсон гэх мэдээний дагуу хяналт, шалгалт хийсний дүнд одоо гааль, татвар, санхүү, мэдээллийн технологийн 47 ажилтан давхардсан тоогоор 89 удаа азтан болж, гурван сая гаруй төгрөг хожжээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ "НӨАТ-ын сугалааны IT ажилтан 36 удаа азтан болсон гэх мэдээ гарсан. Тиймээс бид шалгалт хийлээ. Нэгдүгээрт, сугалааны бөмбөгийг гаргаж ирж буй төхөөрөмжид зөрчил илрээгүй. Хоёрдугаарт, гааль, татвар, санхүү, мэдээллийн технологийн газрын өмнө ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа нийтдээ 3,838,000 гаруй сая төгрөг хожжээ. Хамгийн дээд талдаа нэг ажилчин нийлбэр дүнгээр 310 мянган төгрөг хожсон байна. Тэдний гэр бүлийн хамаарлын хүмүүс дунд зөвхөн нэг тохиолдолд 40 сая төгрөг хожсон байна. Цаашдаа сугалааны машиныг дурын хүн ашиглахгүйгээр болгох, сугалааны тоног төхөөрөмжийг хадгалах тусгай байр гаргах, машиныг тест хийж буй бичлэгийг хадгалах, мэдээллийн технологийн аудит жил бүр оруулах, сугалаа явуулж дуусаад хонжворт хожсон хүмүүст тэр дор нь мэдээлэл хүргүүлэх зэрэг албан шаардлагуудыг манай байгууллага холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Цахим орчинд худал мэдээлэл тараасан иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж холбогдсон байсан. Манай байгууллага НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ." гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна