Асрамжийн газарт өндөр настан амиа алдаж байхад та дахин сайд болох гээд явж байв уу?

Админ
2021/02/05

Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах "Ахмад настны үндэсний төв”д амьдарч байсан 62 настай, Тосголтын улмаас амиа алдсан тухай бид өмнө мэдээлсэн. Хэргийг тодруулбал, талийгаач өнгөрөгч нэгдүгээр сарын 3-ны өдөр байрнаасаа гарч, хог асгахаар явах үедээ зүрх нь хаагдаж, улмаар гадаа осгож нас барсан. Харин асрамжийн газрын зүгээс талийгаачийг гадагш гарсныг мэдэхгүй байсаар эл өдрийн маргааш /2021.01.04/ хогийн цэг орчим осгосон байдалтай нас барсныг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн гэх мэдээлэл цацагдаад буй. Бид тухайн мэдээлэлтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад: "Өнгөрөгч нэгдүгээр сарын 4-ны өдөр Төв аймагт байрлах Ахмад настны үндэсний төвийн ахмад настан нас барсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу очиж, одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” гэх мэдээллийг өгөв. Иймд бид тус асрамжийн газрын дарга Л.Эрдэнэхүүгээс зарим зүйлийг тодрууллаа. -Өнгөрөгч Нэгдүгээр сард танай асрамжийн газарт амьдарч байсан өндөр настан осгож нас барсан тухай тодорхой мэдээлэл өгөхгүй юу? -Манай асрамжийн газарт үйлчлүүлж байсан ахмад настан өнгөрөгч нэгдүгээр сарын 3нд амиа алдсан. Тухайн өдөр хог асгахаар гарч яваад зүрх нь муудаж нас барсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаачийг “Зүрхний импакт" болсон хэмээх оношийг тавиад байгаа. -Талийгаач асрах газарт амьдраад хэдэн жил болсон бэ, урьд нь зүрхний өвчнөөр өвчилж байсан уу? -Талийгаач манайд ирснээс хойш гурван жил өнгөрсөн байна. Өмнө нь зүрхний өвчнөөр 10 хоног эмчилгээ хийлгэж байсан. -Хог асгахаар гараад осгож амиа алдсан гэлээ. Танайх үйлчлүүлэгчээрээ хогоо асгуулдаг юм уу? -Талийгаач маань угийн их хөдөлгөөнтэй, зүгээр суудаггүй хүн байсан л даа. Мэдээж бид үйлчлүүлэгчээр хогоо асгуулахгүй. Өрөөнийхөө хогийг үе үе өөрөө гаргаж асгадаг байсан юм. Манай хогийн цэг асрамжийн байрнаас 10 метр орчим зайтай. Наагуураа блокон ханаар өрж хийсэн. Тиймээс талийгаач хогийн цэгийн хойно унасан байсныг ажилчид хайж олоогүй юм билээ. -Алга болсныг маргааш нь олсон юм уу, мэдсэн юм уу? -Маргааш нь мэдсэн гэдэг ташаа мэдээлэл. Тухайн өдөр асрамжийн газарт ажиллаж байсан ээлжийн жижүүр, сувилагчид талийгаачийг алга болсныг мэдэж, өрөө тасалгаа болон гадаах орчим хайсан ч ололгүй, маргааш өглөө үргэлжлүүлэн хайх үеэр манай эмч олсон. Цогцос олдсон даруйд цагдаагийн байгууллагад дуудлага өгч, шалгалтын ажиллагаа явуулсан. -Талийгаачид ар гэр байсан уу? -Нэг ахтай байсан. Бид харамсалтай мэдээг дуулгаж, цогцсыг хүлээлгэж өгсөн. -ХНХЯ-наас хэргийг шалгаж байгаа юу. Ажлын хариуцлага алдсан хүмүүст ямар арга хэмжээ авсан бэ? -Өнөөдөр /2021.02.03/ ХНХЯ-наас ажлын хэсэг ирж, ажиллаж байна. Тухайн өдөр ээлжинд гарч байсан жижүүрийг ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан. Бид талийгаачийн ар гэртээ холбогдохоор залгасан ч утсаа унтраасан байлаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Ахмад настны үндэсний төв”-д нийт 156 ахмад настан үйлчилгээ авч байснаас өдгөө 155 байна. Тэнд амьдарч буй ахмадууд маш хүнд нөхцөлд амьдардгийг хэллээ. Ажилчид болон удирдлагын зүгээс үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, амьдрах орчинд төдийлөн анхаардаггүй, хаягдмал байдалтай царцаад удаж байгааг онцлов. ТҮҮХЭЭС сөхвөл: Ахмад настны үндэсний төв нь 1925 онд “Өнчин ядуусыг тэтгэх газар” нэртэйгээр байгуулагдаж байсан улсын анхны асрамжийн төв юм. 1925 оноос хойш Нийслэл хүрээнд 32 жил үйл ажиллагаа явуулж байгаад 1957 онд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум, 1967 онд Төв аймгийн Батсүмбэр суманд шилжин суурьшсан. 2013 оныг хүртэл "Улсын асрамжийн газар” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад Засгийн газрын 2016 оны 08 сарын 24-ны өдрийн 55 тоот тогтоолоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын харьяа “Ахмад настны үндэсний төв” болон өөрчлөгдөж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар батлагдсан бүтэц, орон тооны дагуу 5 алба, нийт 92 ажилтан, төрөлжсөн асрамж болон амралт, нөхөн сэргээх сувилал гэсэн бүтэцтэйгээр ажиллаж буй. Бид талийгаачийн асуудлаар ХНХЯ-ны сайд А.Ариунзаяатай холбогдохоор утас руу нь залгасан ч аваагүй тул, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраас зарим зүйлийг тодруулсан юм. -“Ахмад настны үндэсний төв”-ийн өндөр настан нас барсан хэрэг хариуцсан салбарын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? -Энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл нэлээд хэд хоногийн өмнө манайд ирсэн. Манай ажлын хэсэг хоёр удаа шалгасан. Мөн цагдаагийн байгууллагаас ч мөн шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа. -Тухайн хэрэг сарын өмнө гарсныг мэдэж байгаа юу? -Тийм ээ. Хэрэг болсны дараахан мэдээлэл нь ирсэн. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ажлын хэсгээ хамаагүй гаргаад байж болохгүй байгаа. Тэр дотор маш олон ахмадууд амьдарч байгаа учир эрсдэл өндөртэй. Ажлын хэсгийн гишүүдээс хэн нэгэн маань халдвар авсан байвал дотор байгаа ахмадууд хүнд байдалд орно. Тиймээс бид зохих түвшинд нь ариутгал халдваргүйтгэл хийгээд, ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй өгнө” гэв. Үүнээс харахад өөрсдийнх нь харъяанд байдаг “Ахмад настны үндэсний төв”-д ажлын хариуцлага алдаж, амьдарч байсан өндөр настан харамсалтайгаар амиа алдчихаад байхад ХНХЯ нь хэрэг болсноос сарын дараа л дөнгөж ажлын хэсгээ гаргаж анхаарч байна. Та бүхэн санаж байвал, өнгөрөгч нэгдүгээр сарын 29-нд болсон УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг ХНХЯ-ны сайд А.Ариунзаяаг хатуухан шүүмжлээд авсан. Тэрбээр А.Ариунзаяа сайдыг Фэйсбүүкээр ажлаа явуулахаа боль. Мориноосоо, амьдралдаа буумаар байна” хэмээсэн юм. Энэ нь ч үнэний ортой шүүмжлэл гэдгийг энэ удаагийн хэрэг харууллаа. ХНХЯ нь тус төвд амьдардаг ахмадуудаа анхаарч, ажилчдын ёс зүй хариуцлагыг нэмэгдүүлж, цаашид ийм хайнга алдаа гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй байна. Эс бөгөөс настан буурлууд маань энэ мэт харамсалтай явдлаар хорвоог цаг бусаар орхисоор дуусах нь...

Эх суравлж: eguur.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна