Сонгинохайрханы иргэд сайжруулсан түлшний үйлдвэрийн тортгонд дарагдаж байна

Админ
2021/02/05

Тавантолгойн сайжруулсан түлшний баруун бүсийн үйлдвэр ашиглалтад орсон цагаасаа хойш орчноо бохирдуулж, ойр орчмын айлуудыг хөө тортгоор дарж байгааг иргэд хэлдэг. Хоёр жил гаруйн хугацаанд иргэд хороо дүүрэгтээ гомдол гаргасан ч авч хэлэлцээгүй өдий хүрчээ. Энэ талаар СХД-ийн 22-р хорооны засаг дарга Ж.Гантогтох "Иргэдээс ямар ч гомдол ирээгүй. Шахмал түлш, Тавантолгой ХХК-ийн асуудал дээр гомдол ирээгүй учраас ямар ч арга хэмжээ аваагүй" гэж тайлбарлаж байгаа ч бодит байдал дээр хорооны оршин суугчид өөр бодолтой байна. Биднийг очиход СХД-ийн 22-р хороо буюу Тахилт орчмын айлуудын гэр орон сууц хуруу зузаан тортогт дарагдсан байдалтай, иргэд нь хөө тортгоор амьсгалж байгаадаа бухимдаж явдгаа хэллээ.
Гантулга.PNG
Иргэн Б.Гантулга "Нялх нойтон хүүхэдтэй айлуудын хувьд маш хүндрэлтэй байна. Бидний амьдардаг орчноос 2 км хүрэхгүй зайнд Тавантолгой түлш компанийн шахмал түлшний үйлдвэр байрладаг. Хоёр жилийн өмнөөс уг үйлдвэр ажиллаж эхэлсэн. Өмнө жил энэ байгаагаас илүү тортогтой байсан. Бид дуу хоолойгоо хүргэсний үндсэн дээр битгүүмжлэлгүй задгай байсан нүүрсийг хумиулсан. Тэгсэн ч өнөөдөр үр дүн нь тийм ч сайн биш байна. Тортог нь шинэ цасыг ч дарагдчихдаг. Худгаас усаа зөөдөг бидний хувьд өдөр бүр хоёр гурван удаа чийгтэй цэвэрлэгээ хийх хүндрэлтэй байна. Мөн хүүхдүүдээ эрүүл агаарт ч гаргаж чадахгүй, бүр ядаад төвд байдаг аав ээж рүүгээ явуулж байна. Манайх байшинд амьдардаг ч цонх хаалга онгойлгох боломж байдаггүй. Манайх ийм байхад гэрт амьдардаг айлууд бүр хэцүү байгаа байх.
Ганбаатар.PNG
Иргэн Л.Ганбаатар "Сайжруулсан шахмал түлшний тортог өмнө жил бондгор хар юм байсан. Салхины чигээс болдог юм уу, сайн мэдэхгүй л юм. Энэ жил арай дээр байна. Манайх гэрийнхээ цагаан бүрээсийг нодлин аравдугаар сард сольсон. Гурван сар ч болохгүй хав хар болчихлоо. Өдөр ч бас учиртай. Шөнө бол бүр хэцүү шүү дээ. Хөнжилөө толгой дээгүүрээ бүтээж байж л унтдаг. Тэгэхгүй бол өглөө босоод ирэхэд хамар ам нил тортог болчихсон байдаг. Аяга таваг, түмпэн шанага, эд хогшил дээрх тоос тортгоо өдөр бүр цэвэрлэдэг.
Өлзий-Орших.PNG
  Иргэн Ц.Өлзий-Орших "Нүүрсний тортог гэр дээр унадаг байсан л  даа. Гэхдээ шүүрдэхэд уначихдаг байсан. Харин шахмал түлшний үйлдвэрээс гарч байгаа тортогийг арилгах арга алга. Шүүрдээд л эргээд харахад аймшигтай тортог буусан байдаг. Манай энэ хавийн айлуудын цагаан бүрээс авах юмгүй болчихсон. Намар шинээр авч хийгээд л хавар гэхэд дахин ашиглахааргүй болчихсон байдаг. Цагаан өнгөтэй цэмцийсэн гэр энэ хавиар лав олдохгүй. Би өрхөө 14 хоног болгон сольж угаадаг. Тэгээд байхад л өрх тоононы хэсэг хав халтар л байна. Гэрийнхээ гадна хивс дэвссэн ч ялгаа алга. Өрх, хороо, дүүргийнхэндээ хэлээд ч нэмэр алга. Жилийн өмнө удаа дараа хүсэлт тавьсан. Огт шийдвэрлэж өгөхгүй байна. Тавантолгой түлш компани иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын төлөө, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын төлөө ажиллаж байгаа хэдий ч СХД-ийн 22-р хорооны иргэдийн эрүүл мэндэд шууд халдаж байгаа нь анхаарах асуудал мөн. Тиймээс түлшний үйлдвэрийг нүүлгэх эсхүл үйлдвэрээс агаарт цацагдаж буй хөө тортогийг битүүмжилж багасгах ажлыг яаралтай хийх хэрэгтэйг дээрх сурвалжлага харуулж байна.

Эх сурвалж: times.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна