Ерөнхийлөгч Х.Баттулгыг эсэргүүцэх "дайн" эхэлжээ

Админ
2021/02/05

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ. Улстөрийн намууд улам өнгө орж байхад АН-ынхан улам доройтсоор. Угтаа бол улстөрийн намууд өрсөлдөгч намаа сул дорой болгож, нухчин дарахыг эрмэлздэг. Гэтэл АН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга намаа хүчгүйдүүлж, өөрийн халаасанд байлгахаар зүтгэж байна гэж АН-ынхан шүүмжлэх боллоо. Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх хугацаанд АН-ын лидерүүдээс бүтэн нэр бүлээн цустай хүн үлдээгүй. Толгой дараалан торны цаана хоригдох болсон. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ч айлгаад амжсан шазруун эр. Энэ үйл явцыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох мэдэгдэлдээ битүүхэн хавчуулаад амжсан билээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Х.Баттулга бол өрсөлдөгчөө айдсаар айлгадаг. Хуулийн байгууллагын дарга нарыг томилохдоо түрүүлж өргөдлийг нь авдаг. Ингэснээрээ хүссэн хүнээ бариулах, ял оноох бүрэн эрхийг өөртөө олгосон” хэмээн онцолсон юм. Мөн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шударга бусын хонгилыг нураахын тулд шүүхийн тухай хууль, авилгын эсрэг хуулиудыг шинэчлэн батлах ажлыг энэ Засгийн газар хамтдаа хийлээ. Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг салгах үйл явц амаргүй байлаа. Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг надад удаа дараа тавьж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг даалгавар авдаг байсан шүү. Энэ байдлыг халах гэж бид Ерөнхийлөгчийн шахалтаас эсрэг явж, иргэдийнхээ хараат бус, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг улам бататгаж өгсөн. Цаашид эдгээр хуулийн хэрэгжилт Монгол Улсад шударга ёсыг тодорхой алхам болно гэж итгэж байна" гэв. Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа цагт Монголд очихгүй гэж мэдэгдсэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч түүнийг дахин “балбав”. Тэрбээр “Чамайг төрийн нэр ашиглан баривчилж байгаад шоронд хатааж, тэнд нь хувиараа ална гэдэг заналхийллээ байж болох бүх сувгаар надад хүргэхээр оролдож байгаа Ерөнхийлөгчтэй гэж бодохоор үнэхээр дургүй зэвүү зэрэг хүрмээр” гэв. Үүний дараа АН-ын гишүүн Э.Мөнх-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Н.Алтанхуягийг Засгийн газрыг Х.Баттулга унагаасан. Унагаах унагаахдаа заналтайгаар унагаасан. Төрийн ордонд архи тамхи ярьдаг хүүхэнтэйгээ эсрэг санал өгч, Засгийн газрыг унагаасан. АН-ыг хагалж байгаа нь Женко. Үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг дандаа дарладаг. Энэ нам чинь ямар хэн нэгний халаасанд байдаг мапын нам юм уу” гэв. АН-ын гишүүн Э.Мөнх-Эрдэнэ бол тодрохын тулд захын нохойг ч шүүмжлэхээс сийхгүй тул түүний үгийг энэ удаад тоохгүй өнгөрлөө гэхэд үе үеийн Ерөнхий сайдууд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ийн ноцтой мэдэгдэл удаа дараа хийж байгаагаас харахад Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар "үг хэлэх" улс төрчдийн тоо улам нэмэгдэж байгаа бололтой.

Эх сурвалж: zindaa.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна