Монголын үндэсний олимпын хорооны үе үеийн ерөнхийлөгч нар уулзав

Админ
2021/02/05

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны үе үеийн ерөнхийлөгч нарыг тус хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, зөвлөх Ж.Отгонцагаан тэргүүтэй удирдлагууд өнөөдөр хүндэтгэн хүлээн авч уулзав.

Энэ удаа ОУОХ-ны хүндэт гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОХ-ны 5 дахь ерөнхийлөгч асан Ш.Магван, 8 дахь ерөнхийлөгч асан Г.Дашзэвэг, 10 дахь ерөнхийлөгч асан С.Жамц, анхны ерөнхийлөгч Э.Дарьсүрэнгийн хүү Д.Баатар нар хүрэлцэн ирлээ. Энэ онд тохиож байгаа МҮОХ-ны түүхт 65 жилийн ойн хүрээнд ийнхүү ахмад ерөнхийлөгч нарыг хүлээн авч хүндэтгэл илэрхийлж, гарын бэлэг гардуулсан юм.

Одоогоос 65 жилийн өмнө буюу 1956 оны 2 дугаар сарын 6-нд МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн хамтарсан 43/37 тоот тогтоол гарч Монголын үндэсний олимпын хороог тухайн оны 2 дугаар сарын 26-нд албан ёсоор байгуулж байсан юм байна.

Улмаар 1962 онд Москва хотноо хуралдсан Олон улсын олимпын хорооны 59 дүгээр чуулганаар МҮОХ нь Олимпын агуу их гэр бүлийн бүрэн эрхт гишүүн болж, “Инсбрук-1964” Өвлийн IX олимпын наадам, “Токио-1964” Зуны XVIII олимпын наадамд анх удаагаа оролцсон түүхтэй билээ.

Энэ үеэс хойш Монголын тамирчид өвлийн 14, зуны 13 удаагийн олимпын наадамд оролцож, 25 тамирчин 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медалийг эх орондоо авчирсан байна.

Өнөөдөр МҮОХ-ны 65 жилийн түүхийг харуулсан баримтат киноны зураг авалт эхэлсэн бөгөөд Ш.Магван, Г.Дашзэвэг, С.Жамц, Д.Баатар /Э.Дарьсүрэн агсаны хүү/ нар оролцож, спорт-олимпизмын үе үеийн хөгжил, МҮОХ-ны үүсэн байгуулагдсан түүхэн замналын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна