ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ТАГНУУЛЧДЫН АТГАНД “ОРЖ”, ЯЛТНААС ЯМБАТАН БОЛДОГ НӨХДИЙН ОРГОНОХ ГАЗАР “БОЛОВ УУ"

Админ
2021/02/08

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга Донровын Цогтбаатар гэж цуутай нэгэн байлаа. Байлаа гэдгийн учир нь одоо тэр тагнуулч бус харин прокурорын байгууллагын тэргүүн түшмэл болсон. Түүний тагнуулчаас прокурорын байгууллагад шургалсан зам уртаас урт, тэр хэрээрээ хар түүх арвинтай. Өнгөрснийг нэхэн сануулбаас, хурандаа Донровын Цогтбаатарыг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2014 оны аравдугаар сарын 24-нд 5 жил хорих ял шийтгэсэн байдаг. Үүний дараахан АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Хурцыг гүтгэсэн хэрэгт буруутгагдаж, 3 сар 1 хоногоор шийтгүүлэх ял эдлэхээр болсон ч хоёр сарын дараа болсон давж заалдах шатны шүүхийн магадлалаар уг шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон юм. Ямартай ч төрийн нууц задалсан хэргээр ял шийтгүүлж, түүнийг биечлэн эдэлж байсан хүн 2019 оны 10 дугаар сард УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгааг хүмүүс мэдэхгүй. Угтаа бол өмнө нь ял шийтгэл ЭДЭЛЖ БАЙСАН БОЛ ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛУУЛАХГҮЙ гэж Төрийн албаны зөвлөл хэдхэн сарын өмнө мэдэгдсэн. Гэтэл ягаад ч юм бэ, Д.Цогтбаатар прокурорын байгууллагын тэргүүн түшмэл болчихов. Үүнийг нь Төрийн албаны зөвлөл ч, УЕП-н Ерөнхий прокурор ч мэдээгүй бололтой. Тиймдээ ч Д.Цогтбаатар эл албанд томилогдсоноор төрийн нууц задруулсан өөрийнх нь хэрэгт ажиллагаа явуулж байсан мөрдөгч, хяналт тавьсан прокурор, хэргийг нь хянан шийдвэрлэсэн шүүгч нарыг "намнах” боломж олгосон гэхэд болно. ГАЙХАМШИГТАЙ. Түүнийг энэхүү төрийн албанд хууль зөрчин томилжээ. цухасхан дурьдвал: Нэг. Төрийн албаны тухай хуулийн 12.1.2.-т зааснаар УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаал нь "төрийн захиргааны албан тушаал”-д хамаардаг байх бөгөөд уг албан тушаалд томилогдохын тулд мөн хуулийн 23.2.1-т зааснаар "эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажиллаж", "мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” ёстой байдаг байна. Гэтэл Д.Цогтбаатар нь эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8 жил ажиллах нь байтугай хамгийн доод шатны туслах түшмэлийн албан тушаалд 1 хоног ч томилогдон ажиллаж байгаагүй байх бөгөөд багц сургалтад огт сууж байгаагүй байна. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны албан тушаал огт хашиж үзээгүй, тухайн ангиллын мэдлэг, дадлага туршлагагүй тэрээр шууд л тэргүүн түшмэлийн албан тушаалд мерит зарчмыг үл хэрэгсэн томилуулсан байна. ХОЁР. Төрийн албаны тухай хуулийн 23.4.-т "Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг ... тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална” хэмээн заасан. Гэвч мэргэшээгүй, төрийн албаны шалгалт огт өгөөгүй дээр нь ял шийтгүүлж байсан, хуульч биш Д.Цогтбаатарт тааруулж УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах нь холбогдох албан тушаалтны ёстой л шүдний өвчин болдог Гэнэ. Уг нь бол хууль зөрчиж томилогдсон Д.Цогтбаатарт холбогдох тушаалыг хүчингүй болгочих эрх нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар ТАЗ-д байж л байгаа. ГУРАВ. Д.Цогтбаатар нь тухайн албан тушаалын тусгай шалгалтыг өгөөгүй, чадахуйн зарчмыг хангаагүй бөгөөд үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэргэшил, туршлага, ур чадварын хувьд шаардлага хангаж байгаагаа тэрээр ямар ч байдлаар нотлоогүй болно. Учир нь энэ бүх шалгуурыг хэрхэн хангаж байгааг шалгадаг тусгай шалгуурыг хууль тогтоомжоор тусгайлан заасан. Түүнийг хууль зөрчин томилуулж өдийг хүртэл хамгаалж байлгаж байгаагаас харвал Төрийн албаны зөвлөлд ямар нэг ашиг сонирхолын зөрчил байна уу, эс бөгөөс ПРОКУРОРЫН байгууллагын дарга нар ТАГНУУЛЧДЫН атганд орсон уу гэж хардахаар байна. Ямартай эл хэрэг хуульчдын дургүйг хүргээд эхэлж. Тиймдээ ч хуульчдын групп дотор уг асуудал хурц шүүмжлэлийн бай болж, цаашлаад нэр бүхий өмгөөлөгч нар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ. ТАШРАМД дурдахад, хурандаа Д.Цогтбаатарын хувийн хэргийг сөхөж үзвэл, 1974 онд хотод төрж, МУИС, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Академи, мөн Академийн докторантурыг тус тус төгссөн. 1998 оноос ТЕГ-т ажилтан, тасаг, хэлтэс, газрын даргаас Сөрөх тагнуулын газрын даргаар хоёр удаа томилогдож ажилласан туршлагатай ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна