Гёте | Өнгө мэдрэмж, сэтгэл зүйд нөлөөлөх нь

Админ
2021/02/12

“Өнгө өөрөө харанхуйн хэм юм” - Гёте Өнгөөр дамжуулан бид хорвоо ертөнцийг танин мэддэг. Өнгөний тухай эхэн үеийн судалгаа баримтыг германы яруу найрагч, сэтгэгч Иоханн Вольфганг фон Гёте /1749–1832/ гаргажээ. Түүний 1810 онд нийтлүүлсэн “Өнгөний томьёо” бүтээл өнгөний шинж, үүрэг болон сэтгэл зүйд үзүүлдэг нөлөөллийн тухай өгүүлнэ. Хэдийгээр олон шинжлэх ухаанчид түүний бүтээлийг үндэслэлгүй хэмээн буруутгаж байсан ч Артур Шопенгауэр, Курт Гёдель зэрэг нэр хүндтэй философичид санал нэгдсэн байна. Гёте өнгө, солонгын тухай Ньютоны санааг няцааж, өнгө дан ганц цагаан өнгөөс цацардаг биш харанхуйгаас үүсдэг гэх сонирхолтой онолыг дэвшүүлсэн юм.
“Гэрэл ба харанхуй. Гэгээ ба түнэр. Өнгө гэрэл гэгээнээс үүсдэггүй, харин өнгө өөрөө харанхуйн нэгэн хэм юм” - Гёте
Гётегийн өнгөний тухай нэн чухал судалгаа бол өнгө хүний мэдрэмж, сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг тухай юм. Зарим талаараа мухар сүсэг хэмээгдэн буруутгагдаж байсан ч, яруу найрагчийн эл санаа хоёр зууны дараа шинжлэх ухааны баттай магадлалаар батлагдсан байна. Хорвоо ертөнцөд 10 сая гаруй өнгө байдаг бөгөөд эрүүл хүний нүд зөвхөн 7 сая гаруйг нь ялган таньж чаддаг аж. Тэгэхээр өөрт болон бусдад төрүүлэх сэтгэгдлээс хамааран өнгийг ухаалгаар ашиглаж болох нь. Бас өнгө илэрхийлэгдэж буй материал, гадаргуу, орон зайнаасаа хамааран хувьсдаг ажээ. ШАР Гэрэлтэй хамгийн ойр өнгө бол шар. Цагаан гадарга дээрх призмийн хугарлаар шар өнгө ногоон болон цэнхэр өнгийг өөртөө агуулдаг бөгөөд энэхүү цацрал нь хүнд цэлмэг, саруулхан, дулаахан, хөгжилтэй, баяр хөгжөөнтэй, мууг ариусгасан мэт мэдрэмж төрүүлнэ. Нэхий хувцас, эсгий эдлэл гэх мэт хатуу, хөдөлгөөнгүй орон зайд шар өнгө бүхэл чанараараа илэрхийлэгдэх боломжгүй байдаг. Алт, гал, нарны тусгалыг тээх учир ихэмсэг, үзэсгэлэнтэй, дүүрэн, таатай байдлыг илэрхийлэх боловч эсрэг талаараа хурц, хэрцгий, айдас төрүүлэх нь бий. УЛБАР ШАР Улаан болон шар өнгийн нийлмэл нь энэ хоёр өнгийн аль алиных нь мэдрэмжийг илүү тодоор ялгаруулна. Дулаан, талархалтай, таатай болон эрч хүчтэй, ундрам, гал цогтой сэтгэгдэл төрүүлнэ. Эсрэг тохиолдолд төвөгтэй, зүдрэм санагдаж нүдэнд ачаалал өгнө. ЦЭНХЭР Цэнхэр өнгө гэрлийг төлөөлдөг боловч харанхуйг ч өөртөө агуулах учир хамгийн онцгой, илэрхийлэхэд бэрх мэдрэмжийг төрүүлдэг. Хөх өнгө нь нэг талаараа тэнгэрийн хаяа, уулс, үүлс гэх мэт байгалд өргөн уудам зайг эзэлдэг бодгалиар илэрдэг учир бидэнд сүрдэм бахдам, хэмжээлшгүй хязгааргүй гойд санагддаг. Харин хүнд хөх өнгө хоосон, хүйтэн, бүрэнхий, тогтворгүй байдлыг санагдуулна. ЯГААН Ягаан өнгө цэнхэр өнгийг өөрт агуулдаг ч илүү хүчтэй, идэвхтэй, амьд хөгжүүн чанарыг хараанд тусгадаг байна. Хүрээлэн байгаа орчноосоо ангид тусгаар, онцгой мэт санагдах бөгөөд этгээд, энхрий мөн сул дорой, үхээнц ч байж болно. ҮЗМЭН ЯГААН Содон, хэвийн бус, гэрэлтэй гэрэлгүйн холимог учир энгийн ягаанаас илүү тогтворгүй байдлыг төрүүлнэ. Ухаалаг ашиглавал мартагдашгүй дурсамжийг бий болгох ч өчүүхэн хэтрүүлэл л үзмэн өнгийг уйтгартай, залхмаар болгож дөнгөнө. УЛААН Цус, гал, туяан тусгал тул улаан өнгө хүчтэй, цочирдом, сэрэмж төрүүлэм өнгө гэдэг нь ойлгомжтой. Халдашгүй, эрхэм тансаг байдал, дур булаам тэмүүллийг үлгэрлэнэ. Сөрөг талаасаа атаа хонзон, дур тачаал, үхэл хагацлын мэдрэмж улаан өнгөтэй л ойр дөхөх билээ. НОГООН Унаган байгалийн ногоон өнгө ариун журам, хүндлэл, цэвэр ёсыг бидэнд уламжилдаг. Физиологийн талаас хүний нүдэнд хамгийн эерүү зөөлөн тусдаг өнгө. Ногоон өнгийн эзэмшигч нь хүнд ногооныг ашиглахдаа анхаарвал зохино. Эс бөгөөс тархийг хэт ядраана. Өнгөний тухай энэхүү судалгаа одоогоос 200 гаруй жилийн өмнө хийгдсэн бөгөөд өнгөний зохицол, үнэ цэнийг ухаарснаар хүн өөрийн болон бусдын мэдрэхүй, сэтгэц, өдөр тутмын зан байдлын хэв чанарыг ч сонгож болно хэмээн нэрт судлаач, философич Гёте үзжээ. Эх сурвалж: brainpickings.com


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна