АНУ-ын эргийн хамгаалалтын алба Багамын эзгүй аралд 33 хоносон Кубын гурван иргэнийг аварсан байна. Тэд энэ хугацаанд наргил модны самраар /кокос/ хооллож байжээ.
Эргүүлийн нисдэг тэрэгний нисгэгчид Флорида Кийз (АНУ-ын зүүн өмнөд хэсэгт байдаг шүрэн арал) ба Кубын хооронд орших Ангилиа Кэй хэмээх жижиг аралд хоёр эрэгтэй, нэг эмэгтэйг олж харсан байна. Тэд гараар хийсэн туг бариад даллаж байжээ.
Эргийн хамгаалалтын албаны дэслэгч Райли Бичер агаараас эргүүл хийж явахдаа нэгэн сонин зүйл харсан тул доошилтол арал дээр тусламж хэрэгтэй гурван хүн байгааг олж харжээ. Нисэх багийнханд тэр гурвыг шууд авч явах боломж байгаагүй тул ус, хүнс, радио холбоо үлдээсэн байна.
"Харамсалтай нь бидний хэн нь ч испаниар ярьж чаддаггүй байсан ч тэднийг Кубээс ирсэн болохыг, эрүүл мэндийн тусламж хэрэгтэй байсныг ойлгосон. Тэд энэ арал дээр 33 хоносон тухайгаа ойлгуулах гэж хичээж байсан" хэмээн Бичер ярьсан байна.
Кубын гурван иргэн завьтай явж байгаад осолдсоны улмаас уг арал дээр үлджээ. Тэндээ наргил модны самар, хулганаар хооллож байсан аж. Тэднийг нисдэг тэргээр аварсны дараа Флорида дахь эрүүл мэндийн төвд хүргэж, эмчийн үзлэгт оруулсан байна. Дараа нь цагаачлалын албанд шилжүүлжээ.
Эх сурвал: ВВС
Сэтгэгдэл бичигдээгүй байна