СУУТНЫ ДУРЛАЛ: Владимир ба Вера Набоков

Админ
2021/02/16

Үүлсийн сүүдэр, бодлын чимээн тухай ярьж чадах цорын ганц хүн минь чи… Утга зохиолын ертөнцийн сод төлөөлөгч Владимир Набоков (1899–1977) дэлхийн тавцан дахь Оросын хамгийн нэр хүндтэй зохиолч гэгдэн, хүчирхэг санаа сэдэл, авьяас билгээрээ олонд танигдахаасаа аль эрт буюу хорин дөрвөн насандаа амьдралынхаа цор ганц дурлалт бүсгүйтэй учирчээ. Хорин нэгэн настай үзэсгэлэнт Вера донжтой хүрэм, гранж маягийн малгай духлуулсан залуухан зохиолчтой уулзахдаа хожим нь бүхий л амьдралаа Вера Набоковын замналаар өнгөрүүлэхээ төсөөлөөгүй бизээ.   Харин Вератай уулзсан эхний өдрөө, бүр анх хармагцаа л насан туршийн хайраа олсноо сэтгэлдээ тунхагласан гэдгээ Владимир Набоков өгүүлсэн байдаг.Вера удалгүй Набоковын дурлалт бүсгүй төдийгүй зохиол бүтээлийнх нь редактор, туслах, нарийн бичиг, бичиг цаасны архивлагч, судлаач, жолооч, хурдан бичээчийн хариуцлагатай үүргийг хүлээх болов. Вера өндөр мэдлэгтэй, дөрвөн хэлийг гаргууд эзэмшсэн нэгэн байв. Мөн нөхрөө цаг үеийнхээ “Амьд ахуй яваа хамгийн суут зохиолч” гэгдэж эхлэхэд гэнэтийн аллага, дайралтаас хамгаалахдаа цүнхэндээ гар буу авч явдаг байсан тухай чих дэлсэм яриа ч бий. Суут Набоковын ухаалаг, дур булаам эхнэрийн гоо үзэсгэлэн, суу билиг, чин шударга зан суртахуун зохиолчийн бүтээл, романд нэвт шингэн үлдсэн гэдэг.Анх уулзмагцаа л хайрын захидал хөврөх болж, уулзсанаасаа хоёр сарын дараа буюу 1923 оны долдугаар сард Набоков ийн бичжээ. -“Миний оршихуй юутай уйтай вэ? Чамтай уулзсан эхний 5 минутад л би энэ бүхэн хорвоо ертөнцийн жигтэй даажигнаан уу гэж бодсон минь үнэн. Гэвч одоо… Өгүүлэн хэлэх бэрх юм. Чи миний үг хүртэхүйн тоосонцрыг цэцэг аятай гөвөөд хаячих шиг боллоо. Чи хэчнээн хайр булаам бэ?” […] -”Миний ид шид минь, би чамаар дутаж байна. Үүлсийн сүүдэр, бодлын чимээн тухай ярьж чадах цорын ганц хүн минь чи юм шүү дээ. Хэзээ, хэрхэн гэдгийг хэлж мэдэхгүй ч ажилдаа гарахаар явах замд өндөр наранцэцэг таарсан юм. Би цэцэг рүү харахад тэр бүхий л үр үндсээрээ над руу мишээх шиг болсон билээ. Би аз жаргалтай байна” […] -”Удахгүй уулзъя. Үл таних баяр хөөр, үдшийн гэгээ минь.”   Тэр оны арваннэгдүгээр сарын захидал:-”Чамд би хэрхэн тайлбарлах билээ. Миний аз жаргал, гайхам дурлал минь. Бүхий л дурсамж, найраг, дотоод ариуслаараа би чамд бүрэн уусжээ. Би чинийх. Чиний дуудахыг сонсохгүйгээр би нэг ч үг бичиж чадахгүй, чамаас өмнөх амьдрал хэдийн харь хол санагдах болжээ. Хамгийн хувийн, хамгийн өгүүлшгүйг би нарны илч тусам урт жимээс харан сууна.” […] “Чамд хэлж чадахгүй, утсаар хэлэх гэсэн ч үг үл эвлэнэ.” […] -”Нэг л зүйлийг би хэлж, амлаж чадна. Чамаас өмнө, чамаас хойш би хэнийг ч хайрлаж байгаагүйгээ, хайрлахгүйгээ мэдэрч байна.” Харин 1923 оны арван хоёрдугаар сард дараах захидлыг бичсэн нь Набоковын “Лолита” романы эхлэлтэй дүйх юм. -”Би чамд маш их хайртай. Маш бусармагаар би чамд хайртай (Хонгор минь, үүнд бүү ундууцаарай). Би чамд маш ариухнаар хайртай. Шүд бүхэнд чинь… хайртай. Би чамд хайртай. Миний амьдрал, нархан. Нүдэнд чинь, аньсага зовхинд чинь, бодлын чинь бяцхан харгуй бүхэнд, чамаас гарах богинохон ч болтугай авиа бүрт, өлмийнөөс чинь зулай хүртэл чинь би чамд хайртай.”  Тавиад жилийн турш Набоков олон зуун захидлыг Верад илгээсэн нь хожим нь “Верад илгээсэн захидлууд” хэмээх түүвэр ном болон олны хүртээл болжээ. Түүний захидлаас урт хугацааны хайр, нигүүлсэл, хүсэл сэтгэл одоо ч ханхалсаар. Тэдний хайр дурлалын ер бусын харилцаа, урт хугацааны турш хэвээр хадгалагдсан ариухан атлаа “найраглаг” байдлыг судлаачид “дурлалын нөлөө” гэж дүгнээд, Верагүйгээр Набоков өнөө цагийн суут сонгодгуудын тоонд багтахгүй байсан гэдэгтэй санал нэгддэг аж. Вера ба Владимир Набоков цаг үеийнхээ хамгийн сэхээтэн гэр бүлийн амьдралаар хагас зуун жилийг хамт өнгөрүүлэн 1977 оны долдугаар сард Владимир Набоков тэнгэрт одсон билээ. Владимир нас барахаасаа урьтан сүүлийн бүтээл болох “The Original of Laura” романаа шатаахыг хүссэн ч Вера 20-иод жилийн турш хадгалан, 1991 онд нас барахдаа хэвлэлтэд шилжүүлэхийг захин үлдээсэн нь 2009 онд олны хүртээл болсон түүхтэй. Эх сурвалж: brainpickings.org


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна