Туул голд үнстэй ус асгаж байсан зөрчлийг таслан зогсоов

Админ
2021/02/18

Нийслэлийн Байгаль орчны газар, НМХГ, Туул голын сав газрын захиргаа хамтран “Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд шугам хоолойгоор бохир ус асгаж байна” гэж иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу өнөөдөр газар дээр нь шалгалт  хийв.

Шалгалтаар "ДЦС-III" ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулах ус асгаж байсныг таслан зогсоож, малын сэг зэмийг халдваргүйтгэн устгажээ.

Мөн Туул голын далан давуулан асгаж буй үнс зайлуулсан ус, хөрснөөс дээж авч БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид өглөө. Шинжилгээний хариу гарсны дараа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах аж.

Учир шалтгааныг "ДЦС-III" ТӨХК-ийн инженерүүдээс тодруулахад, “Зууханд үүссэн үнсийг шүүлтүүрээр шүүж, усаар тээвэрлэн үнсийг үнсэн санд хүргэж, саарал усыг тунгаан хуримтлуулж станцруу шахаж дахин ашигладаг. Эдгээр шаталсан сангуудын ажиллагаа доголдсоноос станцын үнсний шугамд бөглөрөл үүсэж, үнсэн сангийн түвшин өндөр гарч далан сэтрэх аюулд хүрсэн. Иймд аваарийн шугам хоолойгоор тунгаасан үнс зайлуулах усыг энэ сарын 15-16-нд хаясан” гэжээ.

"ДЦС-III" ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудад Туул голын далан давуулан үнс зайлуулах ус дахин асгахгүй байхыг  анхааруулжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна