Европын хөл бөмбөгийн холбооноос зохиодог клубүүдийн дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн финалын тоглолт өчигдөр боллоо. 1-0 харьцаагаар өндөрлөсөн шигшээ тоглолтод Германы Байерн Мюнхен клуб Францын ПСЖ клубийг хожсоноор зургаа дахь удаа Аваргуудын лигийн цомыг өргөсөн юм.
Коронавируст цар тахлын улмаас Португалийн Лисбон хотод үргэлжлэхээр болсон тэмцээний финал Бенфика клубийн "Estadio da Luz" цэнгэлдэх хүрээлэнд болсон. Харилцан довтолж, гоол орох олон боломж алдсан хоёр багийн тоглолтын эхний үе гоолгүй өндөрлөсөн юм.
Харин хоёрдугаар үеийн 59 дэх минутад Герман тоглогч Ёошуа Киммихийн дамжуулалтаар Франц довтлогч Кингслей Коман мөргөж ПСЖ клубийн хаалгач Кейлор Навасын зүүн талд гоолдсон юм. Коста Рика хаалгач Кейлор Навас Аваргуудын лигийн финалд анх удаа хожигдсон нь энэ байлаа.

Шөвгийн дөрөвт мөн Францын Лион клубийг хожин гарч ирсэн Байерн Мюнхен ийнхүү Бундеслиг, DFB Pokal, Аваргуудын лигийн цомыг нэг улиралд өргөснөөр түүхэндээ хоёр дахь удаа "требль" хийж байна.
Требль хийсэн буюу улсынхаа лиг, цом болоод олон улсын цомд түрүүлсэн тэд Аваргуудын лигийн бүх тоглолтод /11 тоглолт/ хожин түрүүлсэн анхны баг болсон юм.
Байерн Мюнхен зургаа дахь удаа тус тэмцээнд түрүүлсэн нь Английн Ливерпүүл клубтэй тэнцэх амжилт бөгөөд тэдний дээр 7 удаагийн аварга Италийн АС Милан, 13 удаагийн аварга Испанийн Реал Мадрид клубүүд бичигддэг.

Эх сурвалж: gogo.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна