Хот хооронд зорчих иргэдийн түгээмэл асуултад УОК-оос хариуллаа

Админ
2021/03/02

Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотой иргэдээс УОК-т дараах асуултуудыг олноор ирүүлсэн тул асуулт, хариултыг нэгтгэн хүргэж байна. 1. PCR/ПГУ шинжилгээ 72 цагийн дотор хүчинтэй гэдэг шийдвэр хаанаас гарсан вэ? - ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу ПГУ /полимролын гинжин урвал/ шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар чиглэл өгсөн. Хүний биед "COVID-19" вирус халдварласан бол 72 цагаас эхлэн тухайн хүний биед эмнэлзүйн шинж тэмдэг мэдэгдэж, шинжилгээнд илрэх боломжтой учраас дээрх хугацааг тогтоосон. 2. Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн шинжилгээний хариуны 72 цагийн хугацаа замд явж байхад нь дуусвал яах вэ? - Иргэд орон нутаг руу зорчихоосоо өмнө ПГУ шинжилгээ өгөөд, хариугаа гарсны дараа хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ базааж, замдаа зогсохгүй, иргэдтэй харилцахгүй явахыг хичээх хэрэгтэй. Иймд зорьсон газраа очсон хойно шинжилгээний хариуны 72 цаг өнгөрсөн ч хүчинтэйд тооцно. 3. Орон нутаг руу гэр бүлээрээ зорчиж буй иргэд бүгд шинжилгээ өгсөн байх шаардлагатай юу, эсвэл нэг нь өгсөн байхад болох уу? - Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь ПГУ шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гэр бүлийн гишүүдээс шинжилгээ хийлгэсэн байхыг шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол шинжилгээ өгсөн байхыг шаардана. 4. Галт тэргээр зорчиход ямар журам үйлчлэх вэ? - Галт тэргээр явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр явж буй зорчигчийн нэгэн адил ПГУ шинжилгээ өгсөн байх ёстой. Өнөөдрөөс орон нутгийн нислэг үйлдэнэ. Харин гуравдугаар сарын 3-наас хот хоорондын нийтийн тээвэр хэвийн горимд үйлчилж эхэлнэ. 5. Хотоос орон нутагт очсон иргэд очоод тусгаарлагдах уу? - Тухайн орон нутгийн байнгын оршин суугч Улаанбаатараас очсон тохиолдолд гэрээр 7 хоног тусгаарлагдана. Мөн орон нутагт суурин ажилладаг хүн очсон үед мөн адил 7 хоног гэрээр тусгаарлагдана. Учир нь нууц үеийн хугацааг ийнхүү тооцож буй. 6. ПГУ шинжилгээг үнэ, төлбөртэй авч байгаа юу? - УОК, НОК- ын шийдвэрийн дагуу ажиллаж буй цэгүүдэд үнэ, төлбөргүй авна 7. ПГУ шинжилгээний хариуг хүчин төгөлдөрт тооцох 72 цагийг яаж тоолох вэ? - Шинжилгээ өгөгчийн шинжилгээний хариу гарсан тухайн өдөр, цагаас эхлэн 72 цагийн хугацааг тоолно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна