Вьетнам улсад коронавирусын эсрэг вакцин хийлгэсний дараа эмнэлгийн нөхцөлд ажиглах шаардлагатай гаж нөлөө таван хүнд илэрчээ. Энэ тухай тус улсын Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн төлөөлөгчид мэдээлсэн байна.
Вьетнамд коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт даваа гаргаас эхэлсэн бөгөөд Их Британи-Шведийн “AstraZeneca” компанийн вакциныг хэрэглэж байгаа юм. Хоёр өдрийн дотор 522 хүн вакцинд хамрагдсанаас тавд нь харшлын урвал, цусны даралт ихсэх, суулгах зэрэг гаж нөлөө илэрсэн байна. Үүнээс гадна, эмч нарын хэлснээр, булчин бага зэрэг өвдөх, халуурах шинж тэмдэг хэд хэдэн хүнд ажиглагджээ. Одоогийн байдлаар вакцин хийлгэсэн хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа аж.
Вьетнамын Засгийн газар эхний ээлжид вакцинд хамрагдах иргэдийг есөн бүлэг болгон хуваасан байна. Тэдний тоонд ахмад настнууд, коронавирусын тархалттай тэмцэх ажилд оролцсон эмнэлгийн ажилтнууд, цагдаа нар, хилийн цэргүүд, цэргийн алба хаагчид оржээ.
Одоогийн байдлаар тус улсын Эрүүл мэндийн яам “AstraZeneca”-гийн вакцинаас гадна Оросын "Спутник V", Америкийн “Moderna” компанийн вакцинд зөвшөөрөл олгожээ. Үүний зэрэгцээ өөрсдийн гарган авсан вакцинуудын эмнэлзүйн туршилтыг явуулж байгаа юм. “Nanogen” компанийн бүтээсэн “Nanocovax” вакцины туршилтыг өнгөрсөн оны 12 дугаар сард эхлүүлсэн бол Вакцин, био анагаах ухааны хүрээлэнд гарган авсан “Covivac” вакцины эмнэлзүйн туршилтууд энэ сард эхэлжээ.
Цар тахал дэгдсэнээс хойш Вьетнамд коронавирусын халдварын 2526 тохиолдол илэрч, 2004 хүн эдгэрсэн бол 35 өвчтөн нас баржээ. Одоогийн байдлаар 487 хүн эмнэлгийн хяналтад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна