МАН мандаж, АН мөхөж байна


УИХ-ын сонгуульд Ардчилсан нам /АН/ ялагдал хүлээсэн тул тус намын дарга С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж, огцорсон. Ингээд намын их хурлыг зарлаж, шинэ даргаа томилоорой хэмээн Ц.Туваанд тамгаа шилжүүлж өгсөн ч Ц.Туваан их хурлыг цуцалж, дүрмийн бус үйл ажиллагаа явуулж эхэлсэн талаар С.Эрдэнэ хэлдэг. Ингээд энэ байдалтай эвлэрч чадаагүй тул зургаан сарын дараа намдаа эргэн ирж, Ц.Туваанд байгаа тамгыг хүчингүй болгоод өөрөө шинэ тамгатай болсон.

Гэвч Ц.Туваан өөрт байгаа тамгаа хүчинтэй хэвээр байгаа гэж үзэж байгаа төдийгүй АН-ыг бүлэггүй болгосон Л.Болдын эзэмшлийн Бодь цамхагт намын үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин С.Эрдэнэ нар Шонхор цамхагт байрлаж байгаа юм. 

Он солигдохын өмнө толхилцож эхэлсэн хоёр тал одоо ч ойлголцолд хүрч амжаагүй байна. Гуравдугаар сарын эхээр Ц.Туваан, С.Эрдэнэ нар хамтдаа сууж байгаад ҮБХ-г хуралдуулж, намын даргын сунгааг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн ч одоо болтол толхилцсоор. 

Ц.Туваан нар намын даргын сунгааг зарлаж, сунгаанд өрсөлдөхөөр 19 гишүүн материалаа өгсөн. Улмаар тус намын Дотоод сонгуулийн хороо хуралдаж, 16 хүний бичиг баримтыг шаардлага хангасан гэж үзсэн ба хоёр гишүүний материалыг шаардлага хангаагүй гэж үзсэн бол нэг гишүүн нэрээ татсан билээ. Гэвч дэнчингийн мөнгөө тушаах банкны данс нь тодорхойгүй байсан тул хэд хэдэн нэр дэвшигч үнэмлэхээ гардаж аваагүй. Одоогоор Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, С.Эрдэнэболд, О.Цогтгэрэл нарын дөрвөн хүн нэр дэвших үнэмлэхээ албан ёсоор гардан авсан. 

Харин намын даргад нэр дэвшихээ мэдэгдэж дэнчингийн мөнгөө ч хандиваар бүрдүүлээд байсан Ц.Оюунгэрэл ойлгомжгүй байдалд туйлдаж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр хууль бус сунгаа явуулах гээд байгааг сануулж, энэ үйл явцад АН-ын бүлгийн гишүүд оролцсон нь буруу хэмээн шүүмжлэв. Цаашлаад улс төрийн үйл ажиллагааг хууль бусаар явуулахын зөвхөн хараад суух бус, хууль хяналтын байгууллагад хандан намын гишүүдийг олноороо эрүүгийн гэмт хэргийн хамтрагч болохоос урьдчилан сэргийлэх болно хэмээн мэдэгдлээ.

АН хоёр байртай, хоёр тамгатай болж бие биерүүгээ ноцолцож байх хооронд МАН, МАХН-тай нэгдэх ажлын хэсэг байгуулаад амжлаа. Мөн МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон төрийн өндөрлөгүүд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсний дараахан МАХН-ын дарга Н.Энхбаяр "манай хоёр нам бол баруун төвийн үзэл баримтлалтай. Нэгдээд, үйл ажиллагаагаа явуулахад юу нь болохгүй гэж. Үзэл баримтлалаараа түншилж, хамтын ажиллагаа явуулж эхэлбэл шударга өрсөлдөөн болж, ард түмэнд өгөөжөө өгнө. Тиймээс МАН, МАХН үйл ажиллагаагаа уялдуулж нэгдэх нь зүйтэй гэж би бодож байна. Бид нэгдээд байгалийн баялгийг ард түмэнд өгч, МАНАН гэдэг үзэгдэлтэй тэмцэнэ" гэдгээ илэрхийллээ. 

МАН хүчээ зузаатгаж МАХН-ыг элсүүлж байхад АН хоёр хуваагдан тэмцэлдэж байгаа нь МАН мандаж, АН "мөхөж" байна гэлтэй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна