АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫГ СОНГОХ ДАНХАЙСАН СОНГУУЛЬ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Админ
2021/03/14


1992 онд Ардчилсан хувьсгал авчирж ард түмэнд эрх чөлөө олгосон гэгддэг Ардчилсан намын ах эгч нар намаа 2 хуваачихаад 2 талд даргын сонгууль явуулаад ёстой завгүйхэн өдрүүд үргэлжилж байна. Ц.Туваан, С.Эрдэнэ нарын зодоон дундуур хоёр талд хурал хийж, хоёр талд даргаа тодруулах гэж яваа тэднийг иргэд хараад ой гутаж байгаа нь мэдээж.

Ямартай ч Ардчилсан намын даргад цүнх баригч, суганы үснүүдээс авхуулаад зөндөө болж бүтэхгүй нөхдүүд байгаа ч сайн сайхан, хийе бүтээе гэсэн С.Эрдэнэболд, Галиндэвээс авхуулаад зөндөө залуус их байгааг та бүхэн харж байгаа . Харин бид энэ удаагийн нийтлэлээрээ болж бүтэхгүй улс төрчдөөс онцлохоор шийдэв.

Хэтрүүлж хэлсэн байж магадгүй ч гэсэн болж бүтэхгүй хүмүүсийн эгнээг Д.Пүрэвдаваа,О.Цогтгэрэл нар тэргүүлж байна. Учир явдлыг ойлгохгүй хүмүүс яагаад энэ хоёр вэ гэж асуух байх. Ингээд та бүхэнд дээрх хоёр эрхмийн талаар товч бөгөөд тодорхой тайлбарыг хүргэе


  • Д.Пүрэвдаваа

Баянзүрх, Сонгинохайрхан хоёр дүүргийг та бүхэн мэднэ. Хоёул хүн ам ихтэй, хоёул гэр хороолол ихтэй Улаанбаатар хотын хүн амын 40 гаруй хувь нь амьдардаг тийм том дүүрэг. Д.Пүрэвдаваагийн хувьд энэ том хоёр дүүргийн нэг Баянзүрх дүүргийг 8 жил удирдсан. Удирдаж байх хугацаандаа шүүхээр нэг гомдолтой, ажлын оффисоор нэг хүчирхийлэлтэй өнгөрсөн гэж хэлж болно. Үүнийх нь гайгаар өнөөдөр Баянзүрх дүүрэг хөгжлөөрөө сүүл мушгиж Дундговь хавьцаа явж байгаа гэхэд хэлсдэхгүй биз. Ийм гайхамшигтай уруудалтыг хотын нэг дүүрэгт авчирчихаад Ардчилсан намын даргад өрсөлдөж байгааг нь журмын нөхөд нь гайхаж байна. Гэхдээ өрсөлдөөнд шалтгаан бий. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар Ерөнхийлөгчийн зөвлөх хийж байгаа тэрээр Ардчилсан намын дарга болсон тохиолдолд асуудалгүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх эрхийн төлөө хүч үзэхээр амлалт авсан байж болзошгүй гэнэ.


  • О.Цогтгэрэл

Улсын Их хурлын гишүүн, Увс аймгаас сонгогдсон Одонгийн Цогтгэрэлийг Увсчуудаас өөр хүмүүс төдийлэн мэдэхгүй. Уг нь мань эр хэлвэл хэлчихдэг, хийвэл хийчэхдэг нэгэн. Гэхдээ анх удаа Улсын Их Хуралд гишүүн болчихоод шунал нь хөдөлсөн юмуу яасан юм Ардчилсан намын даргын суудлыг зүүдэлж байгааг харж буй журмын нөхөд нь ууртай байна. Бас болоогүй Ардчилсан намын даргын сонгуулийг УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн дайны чинээ бодож даргын сунгаандаа менежер авч, бүтэн цахим баг ажлуулж байгаа гэнэ. Менежер нь хэн билээ гэж харахад 2020 оны УИХ-ын сонгуулиар Завханд нэр дэвшээд өвдөг шороодсон Загдхүүгийн Нарантуяа байх. Завханд нэр дэвшиж Есүсчин, Цагаан хоолтон хоёрт ялагдсан З.Нарантуяагийн менежер хийнэ ч гэж юу байхав бас нэг л тохироо биз. Гэхдээ Цогтгэрэлийн хувьд өөрийнх нь толгойд Ардчилсан намын даргын суудал ойр байх хэдий ч бодит амьдрал тэнгэр газар шиг хол байх биз.

Хоёр нөхрийг нь л онцолж бичихэд муу муухай явдал, данхайсан том толгойноос өөр юмгүй байгаа Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцож, яаж ялах юм бол гэдгийг бодоход уур хүрэм. Уул нь цагийн сайханд Ардчилалыг авчирж, хонхны дууг дуулж, ард түмний амьдралын үзүүрт итгэлийн гал асааж байсан нам өнөөдөр ийм ялзарсан байгааг хараад иргэд бухимдалтай байх нь аргагүй биз ээ. Монголчуудын хүсэн хүлээж, тэмцэж байж авчирсан Ардчилалыг нэг намын нэр болж, эрх мэдэлтнүүдийн бамбай болно гэж хэн зүүдлэхэв дээ. 

Сэтгүүлч: Т.Алтансүх



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна