АНУ-д Ази гаралтай зургаан эмэгтэйг буудан хороожээ


АНУ-ын Жоржиа мужид гурван спа салонд цуврал халдлага гарч, найман хүн амиа алдсанаас зургаан нь Ази гаралтай эмэгтэйчүүд байжээ.

Нийт гурван удаагийн халдлага үйлдсэн сэжигтэй этгээдийг баривчилжээ. Албан мэдээллээр, сэжигтэн 21 настай Роберт Аарон Лонгийг Атланта хотоос 240 км зайд олж, баривчилсан байна. Гэмт хэргийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.

Аймшигт хэрэг Атланта хотод гарсан байна. БНСУ-ын зүгээс хохирогчдын дөрөв нь Солонгос гаралтай хүмүүс байсныг баталжээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, АНУ-д сүүлийн хэдэн сард Ази гаралтай америкчуудын эсрэг үйлдэж буй гэмт хэргийн тоо нэмэгджээ. Тэднийг КОВИД-19 халдвар дэгдээсэн гэж үндэслэлгүйгээр буруутгаж байгаатай иймэрхүү үйлдэл хамаатай байж магадгүй аж. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ази гаралтай америкчуудыг үзэн ядах, тэдний эсрэг хэрцгий гэмт хэрэг үйлдэж буйг буруутгасан юм.

Орон нутгийн эрх баригчид хохирогчид арьс өнгө, гарал үүслээсээ болж гэмт хэргийн золиос болсон гэж үзэх эрт байна гэж мэдэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн Нью Йоркийн цагдаагийн газар Ази гаралтай америкчуудын амьдардаг хотхонуудад нэмэлт эргүүл гаргах болжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна