Судалгаа: Монголд 25-34 насныхан дунд коронавирусийн халдварын тархалт хамгийн их байна


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Ковид-19 халдварын талаарх статистик судалгааг гаргажээ. 2021 оны гуравдугаар сарын 21-ны өдрийн байдлаар гаргасан судалгааг танилцуулъя.

Тус судалгаанаас харахад 25-34 насныхны дунд тархалт хамгийн өндөр гарсан бол өвчлөлийн түвшнээр 45-54 насны бүлгийнхэн өндөр үзүүлэлттэй гарсан байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэнгийн өнөөдөр өгсөн мэдээллийг хүргэж байна. Тэрээр  “Энэ сарын 21-нд 16 лабораторид 10049 хүнд шинжилгээ хийснээс 210 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5186 боллоо. Үүний 206 нь Улаанбаатар хотод, Хөвсгөл аймагт 3 тохиолдол, үлдсэн нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Сүүлийн 24 цаг Улаанбаатар хотод 206 өвчлөл бүртгэгдснээр нийслэлийн дотоодын халдвар 4284 боллоо. Халдварын 185 нь ойрын хавьтал бол 25-ынх нь голомтыг тогтоохоор тандалт судалгааг хийж байна. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн 5, 11, 15 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Баянгол дүүргийн 4, 5, 11, 20, 24, 25 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 1, 11, 17, 18 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5, 17 дугаар, Сонгинохайрхан дүүргийн 14, 9, 26 хороодод амьдарч байгаа иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхаарууллаа. Сүүлийн 24 цаг 129 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 3606 боллоо” гэв.

Өнөөдрийн байдлаар нийт 1407 хүн эмчлүүлж байгаагаас
• Хөнгөн 1209,
• Хүндэвтэр 180
• Хүнд 15,
• Маш хүнд 3 хүн байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна