УИХ-ын үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын гишүүн Т.Доржхандын "Цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонсож дууслаа. Өнөөдөр дотоодын халдварын тоо өдрөөс өдөрт эрс нэмэгдсээр байна. Тийм учраас гадаад байгаа иргэдийн эрхийг хангахын зэрэгцээ дотоодын эмнэлгийн хүчин чадал нарийвчилсан тооцоо, төлөвлөгөөг сайн гаргах хэрэгтэй байна. Хятад улсын жишээг харах хэрэгтэй. Тэд эдийн засгаа ч өсгөөд, ковидын халдвараа ч хяналтдаа оруулсан байна. Ер нь дэлхий улс орнууд энэ хүнд цаг үед төлөвлөгөө, тооцооллыг маш нарийвчлан гаргаж ажиллаж байна. Монгол Улсын хувьд төлөвлөгөөг маш нарийн гаргаж ажиллахгүй бол халдвар тархаагүй хэдхэн аймгууддаа халдвар тархаах эрсдэл өндөр байна.
Хэдийгээр иргэдээ вакцинжууллаа ч бид коронавирусийн шинэ эрэн үед орж байна гэж үзэж байна. Вирусийн мутаци, цаашид хэрхэн үргэлжлэх талаар шинжлэх ухаан бүрэн тодорхойлоогүй байна. Хэдийгээр дэлхийн томоохон улс орнуудтай харьцуулахад манай улсад харьцангуй цөөн тун вакцин шаардлагатай байгаа ч вакцин олж авах асуудал амаргүй байгаа. Гадаад харилцааны яам, Засгийн газар Монгол Улсад шаардлагатай вакциныг богино хугацаанд олж, авчирч тавдугаар сардаа багтаан иргэдээ вакцинжуулж дуусгахын тулд хүчин чармайлт гаргаж байна. Ийм нөхцөл байдалд гишүүд вакцины талаарх буруу мэдээлэл түгээх, вакцинаас татгалзах нь өөрсдийгөө төдийгүй улсдаа эрсдэл учруулж байгаа хэрэг болж байна. Өдөрт 400 гаруй тохиолдол бүртгэгдэж байгаа нь нэг халдвартай иргэний цаана 4-5 хүн халдвар авах эрсдэлтэй байх тооцоолол гарч байна. Иймд вакцинжуулах ажлыг эрчимжүүлэхээс өөр сонголтгүй байна.
Үүний зэрэгцээ хамгийн чухал зүйл бол хувь хүн бүр дор бүрнээ сахилга хариуцлагыг маш өндөр байлгаж байж энэ нөхцөл байдлаас гарна. Халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиж, маскаа тогтмол зүүх, олон хүнтэй газраар явахгүй зэрэг эцсийн эцэст энэ бүхэн 100 хувь хүнээс хамаарч байгаа. Нөгөө талаас төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүд нь иргэж буцалтгүй, тууштай нэг мөр хэрэгждэг, тодорхой үр дүнд хүрдэг байх хэрэгтэй. “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ээс авахуулаад яагаад халдвар бүртгэгдээгүй байсан аймгуудад халдвар алдагдаад байна. Ийм учраас дээр, дооргүй бүх албан тушаалтан сахилга хариуцлагатай байж богино хугацаанд цар тахлын халдварыг тогтоож, давж гарч чадна. Бидэнд өнгөрсөн 12 сарын сайн туршлага байгаа. Яагаад назгайраад алдагдаад байна вэ, иргэдийн сонор сэрэмж яагаад буураад байна вэ. Дахин хэлье шинэ эрэн үед орж байгаа учраас сонор сэрэмжээ алдалгүй анхааралтай байх шаардлагатай. Хамгийн амаргүй, бэрхшээлтэй, анхаарал болгоомж нэн шаардсан онцгой цаг үе болж байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна