Нийт хүн амыг "COVID-19"-ийн халдварын эсрэг дархлаажуулалтад өргөн хамруулах үүднээс энэ ажлыг эрчимжүүлж байна. Үүнтэй холбогдуулан вакцинжуулалтын талаар гарч буй түгээмэл асуултад ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хариулсныг хүргэж байна.
-Манай улсад өнөөдрийн байдлаар вакцины нөөц хэр байна, хэдэн хүн тун байгаа вэ?
-Энэ 7 хоногоос вакциныг нэмж хангаж эхэлж байна. Өмнө нь хүлээн авсан 490 мянган тун вакциныг хүн амын шаардлагатай зорилтот бүлгийнхнийг хамруулж хийсэн. 4 дүгээр сарын 5-наас нэмэлт хангалтыг хийж эхлээд явж байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн 300 мянган тун вакциныг хүлээн авах бэлтгэлээ хангаад байна.
-Эхний тунг хийхдээ 2 дахь тун вакциныг заавал авч үлдэж хадгалдаг уу?
-2 дахь тунг заавал хадгалж үлддэг. Коронавируст халдварын эсрэг вакцинууд ихэнх, дийлэнх нь 2 дахь тунгаар вакцинжуулж, хоорондох интервал ялгаатай байгаа учир заавал тухайн вакцины 2 дахь тунг авч үлдэж байгаа.
-Хоёр дахь тунгаа тариулахдаа эхний ээлжинд хийлгэснээс өөр вакциныг хийлгэж болох уу?
-Энэ талаар одоогоор зөвлөмж гараагүй байгаа. Тухайн үйлдвэрлэгчийн ямар технологиор үйлдвэрлэсэн тэр л вакциныг хийлгэхийг зөвлөж байгаа.
Олон улсад хийсэн судалгаагаар тухайн улс оронд нийт хүн амын 70 хувь вакцин хийлгэснээр халдварын эрсдэл багасч буурна гэж үзэж буй.
-Вакцин хийлгэсэн 500 гаруй хүн халдвар авсан гэж байгаа. Энэ үнэн үү. Энэ нь иргэдэд вакцинууд чанартай юм уу гэсэн эргэлзээг төрүүлээд байх шиг? Эсвэл тухайн хүн халдвар хамгааллын дэглэмээ сахиагүйгээс болоод байна уу?
-Вакциныг 2 тунгаар хийж дархлаажуулсны дараа тухайн хүнийг халдвараас хамгаалах дархлаа тогтоно. Тодруулж хэлбэл, 2 дахь тунг хийлгэснээс хойш тодорхой хугацааны дараа дархлаа бүрэн тогтоно. Бид зорилтот бүлгийнхэнд эхний тунг хийсэн.
Эхний тунг хийснээр тухайн хүнийг халдвараас хамгаалахгүй. Тийм учраас иргэн хүн вакцин хийлгэсэн ч өөрөө амны хаалтаа байнга зүүж, хүн хоорондын зайг барьж бусад сэргийлэх аргыг авч хэрэгжүүлж байж дараагийн тунг хийлгэхийг зөвлөж байна. Дараагийн тунг хийлгэсний дараа 14-21 хоногийн дотор танд халдвараас сэргийлэх дархлаа бүрэн тогтох боломжтой.
Вакцин хийлгэж буй гол онцлог нь таныг "COVID-19"-ийн халдвараас гадна бусад өвчлөлийн хүндрэлээс сэргийлж байгаа юм.
Дэлхий дахинд хийсэн судалгаагаар та вакцины бүрэн тунгаа хийлгэсэн ч дархлаа тогтохгүй гэж байгаа. Юу гэж гарч байна гэхээр олон улс оронд нийт хүн амынхаа 60, түүнээс дээш хувийг буюу хүн амыг нийтээр нь массаар нь дархлаажуулах хүртэл хувь хүн вакцинаа хийлгэсэн байсан ч халдвараас хамгаалах бусад хэрэгслийг зайлшгүй хэрэглэж, халдвар хамгааллын дэглэмийг сахих үүрэг хүлээж, мөрдөх шаардлага тавьж ингэж зөвлөж буй.
Нэг ёсондоо тухайн улс оронд нийт хүн амын 70 хувь вакцин хийлгэснээр халдварын эрсдэл багасч буурна гэж олон улсад үзэж буй. Энд онцолж хэлэхэд вакцин хийлгэж буй гол онцлог нь таныг халдвараас гадна хүндрэлээс сэргийлж байгаа юм.
-Удахгүй ЕБС-иудын төгсөлт болж ЭЕШ эхэлнэ. Сургууль төгсөж буй хүүхдүүдийг вакцинжуулах төлөвлөгөө бий юу? Олон улсад "Файзер" вакциныг хүүхдүүдэд хийхэд ямар нэг аюулгүй гэдгийг ДЭМБ мэдэгдсэн. Тэгэхээр 18 настнуудыг хэзээ дархлаажуулах вэ?
-Бид дархлаажуулалтыг зорилтот бүлгээс эхэлсэн, одоо бусад бүлгийнхнийг хамруулж эхэлж байна. Энд 18 насныхан эхний ээлжинд орно. Эхлээд зорилтот бүлэгт чиглэснээр хүн амын 60 хувийг вакцинжуулалтад хамруулж буй. Үүний дараа бусад насныхны бүлэг рүүгээ орно, энд хүүхдүүд хамрагдана гэсэн үг. ЭЕШ өгөх 6 дугаар сард 18 настнууд хамрагдаж амжина гэж үзэж буй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна