Н.Түвшинбаярын зодоонд байлцсан Булган аймгийн дарга нар хэн бэ?


-ЗОДООН О.ЦОГТГЭРЭЛИЙГ БАТЛАМЖЛАХ ИХ ХУРЛААС БОЛЖЭЭ-

Хар багийн найзаа сэхээнд ортол зодсон Н.Түвшинбаярыг юунаас болж тэгтлээ уурлаж агсам тавьсныг, зодоон болоход хамт байлцсан хүмүүс хэн байсныг, яагаад тэд зодооныг таслан зогсоогоогүйг цагдаа хууль хяналтынхан шалгаж байгаа. Цахим ертөнцөд монгол даяараа шуугиж, шүүмжилж тэнд хамт байлцсан хүмүүсийг "хайж" байна. Монгол улсын идэр өсөх начин Энхбатын ойрын хүмүүсийн ярьснаар тэр өдөр Булган аймгийн ИТХ-ын дарга Эрдэнэбат, Засаг дарга бөгөөд аймгийн АН-ын дарга Ариун-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгч Гал-Эрдэнэ нар УБ-т ирсэн байжээ. Тэд энэ сарын 03-нд буюу хэрэг гардаг өдрийн маргааш өглөө болох О.Цогтгэрэлийг АН-ын даргаар ёсчилон батлах Дүнжингарав захад болсон АН-ын ээлжит бус хуралд оролцох эсэх талаар ярилцахаар ХУД-ийн 120 мянгат дахь "Их хуралдай" төв дэх Гал-Эрдэнийн өрөөнд цугласан байжээ. Үүнд нь олимпийн аварга Н.Түвшинбаяр улсын начин Энхбат нар ч ирж О.Цогтгэрэл болон М.Тулгат нарын хэнийг нь дэмжих талаар ярилцжээ. Энэ үеэр "тувааны" зохион байгуулсан сунгаанд Женко оролцож О.Цогтгэрэлийг дэндүү хүч түрэн ялуулж, О.Амартүвшинг ялагдуулсан хэмээн хоорондоо маргалдсан бололтой.


Н.Түвшинбаяр ч хуурай ах Баттулгаа өмөөрөн чадаж байгаа юманд аргагүй, аятайхан байцгаагаарай хэмээн агсамнаж эхэлжээ. Булганыхны хувьд АН-ын даргын сунгаа эхлэхэд анхнаасаа О.Амартүвшинг дэмжихээ илэрхийлж байсан. Хамгийн олон буюу 80 гаруй хувийн саналаар О.Амартүвшинг дэмжжээ. Тиймээс Булганы АН-ынхан О.Цогтгэрэлийг батламжилах Их хуралд оролцохгүй эсэргүүцнэ хэмээн зөрүүдэлсэн бололтой юм. Энэ нь тэнд байсан хүмүүсийг талцуулжээ. Улс төрөөс хол байдаг Энхбат начин харин яагаад Түвшинбаярын гарын шүүс болсныг нь хүмүүс ойлгоогүй, магадгүй Түвшинбаярыг архи уухаараа агсам тавьж, хүн зоддогийг нь мэддэг тул болиулах гэж оролдоод "бай" нь болсон байх талтай гэнэ. Н.Түвшинбаярын хувьд уухаараа, улстөржихөөрөө эр бяраа хүнд гаргадаг, нударгаар асуудлыг шийддэг зантай. Өмнө нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дэмжиж явах үеэрээ буюу 2017 оны 06 сарын 24-25-д шилжих шөнө 04.00 цагт Булган аймгийн АН-ын дарга Б.Ариун-Эрдэнэ, тухайн үед АН-ын сонгуулийн менежерээр ажиллаж байсан, сая АН-ын даргын сунгаанд өрсөлдсөн О.Амартүвшин нарыг согтуугаар зодож танхайрсан байдаг. Тэр үед Булган аймгийн цагдаагийн шуурхай албаныхан хэргийг материалжуулан шалгаж байсан ч тэгсхийгээд даржээ. Гэвч энэ үйл явдлыг нь баталгаажуулан аймгийн Эрүүлжүүлэх байранд хоносон Н.Түвшинбаяр, Булган аймгийн АН-ын дарга Ариун-Эрдэнэ нарын зурагнууд одоо ч хадгалагдан үлдсэнийг дараах зурагнаас харж болно.

2017.06.25 өдөр. Булган аймгийн Эрүүлжүүлэхэд авахуулсан зураг

Гэвч үүнийг одоогийн Ерөнхийлөгч, тухайн үеийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга үгүйсгэн "Түвшинбаяр хүн зодох хүн биш. Тийм явдал болоогүй. Монголчууд итгэж болно" хэмээн ТВ-д улаан цагаан өмөөрөн ярилцлага өгч, "цэвэр" авч үлдсэн гэдэг. Харин энэ удаад Н.Түвшинбаярын хар багийн найзаа сэхээнд ортол нь зодож, амь насыг нь дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлсэн, олон гэрчтэй балмад танхайрлыг нь эрх мэдлээрээ нөлөөлж, хамгаалж авч үлдэхгүй гэдэгт итгэх аргагүй.

Х.Баттулгыг анх Ерөнхийлөгч болоход Н.Түвшинбаяр намынхаа дарга, журмын нөхрөө зодсон ч сугарч үлдсэн. Харин өнөөдөр Х.Баттулгын эрх мэдлийн төлөөх улайрлыг хамгаалах гээд бас л хүнд ноцтой хэрэгт холбогдлоо. Хэргийг дөнгөж шалгаж эхэлсэн. Хэрхэн шийдэгдэхийг Монгол даяараа харж хянаж хүлээж байгаа. Монголын байтугай дэлхийн бахархал, хүндэтгэлийг хүлээсэн сайхан монгол залуус улангассан улс төрийн төлөө алдар нэр, амь нас, амьдралаа ийнхүү золиосоллоо. Үүнд архи л буруутай гэж үү!!!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна