Энэтхэг өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ


Энэтхэг улсад мягмар гарагт коронавирусын халдварын 115'736  шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ.

Энэтхэг улсад халдвар авсан нийт хүний тоо 12'801'785 болсон байна. Тус улсад өмнө нь дөрөвдүгээр сарын 5-нд нэг өдөрт хамгийн олон буюу 103'558 тохиолдол бүртгэгдэж байжээ.

Коронавирусээр халдварласны улмаас нас барсан нийт тохиолдол мягмар гаргийн өглөөний байдлаар 630-аар нэмэгдэж, 166'177-д хүрсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо Энэтхэгт анх удаа 800 мянгаас давж, 843'473 болсон нь нэг өдрийн өмнөхөөс 55'250-аар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Өвчний идэвхтэй тохиолдлын тоо 28 хоног дараалан нэмэгдсэн байна. Эдгэрсэн өвчтөнүүдийн тоо 24 цагийн дотор 59 856-аар нэмэгдэж, 11'682'136 болжээ.

Ирэх дөрвөн долоо хоног Энэтхэгт халдвартай тэмцэхэд "маш чухал" өдрүүд байх болно гэдгийг тус улсын Эрүүл мэндийн сайд Харш Вардхан мягмар гарагт анхааруулаад, амны хаалт зүүх, хүн хоорондын зайгаа барих зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд хэрэгжүүлэхийг иргэддээ уриалсан байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 3'337'601 хүн коронавирусын вакцин хийлгэжээ. Нэгдүгээр сарын 16-нд вакцинжуулалтын аян эхэлснээс хойш 87'077'474 сая хүн вакцинд хамрагдсан гэж Энэтхэгийн Эрүүл мэндийн яам мэдээлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна