М.Тулгатыг Ардчилсан намын даргаар батламжиллаа


Ардчилсан намын XI ээлжит бус их хурал өнөөдөр /2021.04.07/ Хандгайтад болж, Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгатыг батламжиллаа. Цар тахлын улмаас тус хурал цахимаар зохион байгуулагдаж, 800 орчим гишүүн оролцлоо.

Ардчилсан намын XI ээлжит бус их хурлыг нээж Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл үг хэлсэн юм. Тэрбээр “Ардчилсан намын хувьд өнөөдөр онцгой өдөр болж байна. Монголд анхны цахим сонгуулиар, залуу үеийн төөлөлөл болж, Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгатыг батламжлах өдөр. Ийм өдөр Ардчилсан намын 200 мянга орчим гишүүний энгэрт байх ёстой баатрын тэмдгийг миний бие та бүхнээ төлөөлөн зүүсэн байгааг харж байгаа. Та бүхэн бүгдээрээ баатрууд.

Монголыг Зөвлөлтийн колончлолоос чөлөөлж, коммунистуудын дарангуйлал хядлагаас чөлөөлсөн  Ардчилсан намын гишүүдийг баатрууд гэхгүй юм бол өөр хэнийг баатрууд гэх юм бэ.

Иргэддээ эрх, эрх чөлөөг олгосон Ардчилсан намын гишүүдийг баатрууд гэхгүй юм бол өөр хэнийг баатрууд гэх юм бэ.

Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг, эдийн засаг, улс төрийн хувьд баталгаажуулах гэж яваад гадна дотны улс төрийн захиалгат явуулгын эрсдэлд орж, өнөөдөр хилс хэргээр шоронд сууж, үзэл санааны хоригдол болсон, 1992-1994 онд Ардчилсан намын дарга байсан М.Энхсайхан, 1994-1996 онд Ардчилсан намын дарга байсан Д.Ганболд болон  Үндэсний бодлогын хорооны гишүүн болох С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг баатрууд гэхгүй юм бол өөр хэнийг баатрууд гэх юм бэ?

Сая манай нам чөлөөт сонгуулийн төгс хэлбэр болсон цахим сонгуулийн маш амжилттай явууллаа. Сонгуулийг амжилттай зохион байгуулсан Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг тэргүүтэй гишүүддээ талархал илэрхийлье.

Цахим сонгуулиар ялалт байгуулж, манай залуу үеийн төлөөлөл болж, Ардчилсан намын даргаар батламжлагдаж байгаа М.Тулгат дүүдээ баяр хүргэе.  М.Тулгат бол ардчиллын цэвэр үүлдэр юм. Тулгатын өвөө Сосорбарам ах, эмээ Лхагвасүрэн эгч, авга ах С.Цогтсайхан, аав нь ээж нь Ардчилсан намын анхдагч нар юм гэдгийг би энэ индэр дээрээс нотлон хэлж чадна.

Саяны сунгаагаар бид чамайг баруун төвийн үзэлтэй болохыг харсан. Үзэл санаа нь цэгцэрсэн баруун төвийн үзэлтэй хүнийг  Ардчилсан намын гишүүд олон жил хүлээсэн нь эргэлзээгүй юм.

Ардчилсан намын амин сүнс нь гишүүдийн оролцоотой ардчилал юм. Түүний  нэг илрэл нь сунгаа билээ.  Энэ үнэт зүйлийг хамгаалан тэмцэж,  залуу үеийнхэндээ шинэ удирдлагадаа ардчиллын амин сүнсийг хүлээлгэж өгч чадсан С.Эрдэнэ даргадаа талархал илэрхийлье, төлөөлөгчдийнхөө өмнөөс.

Ардчилсан намыг МАН-ын дагуул нам болголгүй хүлээлгэж өгсөнд С.Эрдэнэдээ талархах учиртай.

С.Эрдэнэдээ андын хувиар хэлэхэд, 1990 онд ардчиллын төлөө хамтдаа тэмцэж явахад, Ерөнхий сайд асан П. Жасрай гуайтай УИХ-ын  52 дугаар тойрог дээр өрсөлдөхөд миний сонгуулийн менежерээр ажиллаж, намайг ялалтад  хүргэсэн хүн бол С.Эрдэнэ. Өнөөдөр С.Эрдэнэ Ардчилсан намыг Ардын намын дагуул болох аюулаас хамгаалан үлдээж чадсанд нөхрийн хувиар баярлаж байна. Чи бол чадсан шүү, Энэ үйл явдлыг Ардчилсан нам мартахгүй.

Ардчилсан нам Ардын намын дагуул болох ёсгүй. Харин Ардын нам Ардчилсан намд ялагдах өдөр ирнэ.  Ялагдах өдрөө хүлээж суух хэрэгтэй. Ардчилсан намын төлөөлөгчиддөө баярын мэнд хүргэе” гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “500 сая ам.долларын эдийн засагтай байсан улсыг 30 дахин өссөн эдийн засагтай улс болж хөгжихөд чухал нөлөө үзүүлсэн улс төрийн хүчин бол Ардчилсан нам.

Ардчилсан намд өнөөдөр хүнд сорилт ирээд байна. Эвлэрлийг бий болгохын төлөө Ардчилсан намын бүлэг энэ хугацаанд чадах бүхнээ хийсэн. Ардчилсан намыг хоёр хувааж, хүчгүй байлгах сонирхол МАН-д бий. Төрийн бүх эрх мэдэл МАН-ын цагаан байранд очсон. Дураараа хууль баталдаг болсон. Гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар УИХ-ын шийдвэргүйгээр цагаан байрнаас өгч буй даалгавраар шийдээд явдаг болсон. Шүүхийн ерөнхий зөвлөл  сахилгын хороогоороо дамжаад цагаан байранд очиж байна. Авлигатай тэмцэх газар, цагдаа, тагнуул бүгд цагаан байрнаас даалгавар аваад гардаг болсон” гэлээ.

Ардчилсан намын шинэ даргаар сонгогдсон М.Тулгат “Эв нэгдлийг хангахад голлож ажиллана. Ардчилсан нам нэгдэж ажиллах ёстой. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн учраас тайван суугаад байж таарахгүй. Нэг болоод сонгуульдаа орох ёстой” гэлээ.

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ “Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, хууль ёсны цорын ганц Ардчилсан нам л байгаа. Тэр нь энэ нам. Хууль ёсны намаас Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгатыг бид батламжлах гэж байна. Улсын дээд шүүх дээр бүртгэлийн асуудал яваад очихоор бүрдүүлэлт шаардана.  Улсын дээд шүүх дээр улс төрийн намын хувьд бүртгэлийн асуудал яригдах учраас бүрдүүлэлтээ шийдэж ирсэн намыг л бүртгэнэ. М.Тулгат даргадаа амжилт хүсье. Шинэ үе гарч ирсэнд талархалтай хандаж байгаа.

Ардчилсан намыг бусниулах гэсэн хэсэг бүлэг этгээд бий. Энэ намын төлөө явах чин зорилго байгаа бол ялгараад явах байх. Аливаа юманд ёс зүй хууль дүрмээ дээдэлж ажиллах ёстой” гэсэн юм.

Ардчилсан намын XI ээлжит бус их хурлаас Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгатыг батламжилсны дараа Улсын дээд шүүхэд бүртгүүлэх юм байна.

Энэ удаагийн их хуралд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар оролцлоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна