Аутизмыг анх 1943 онд Австри-Германы эмч Лео Каннер тодорхойлж байжээ. Энэ нь хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг юм.
Аутизмын шалтгааныг одоо хэр нь шинжлэх ухаан олж нээгээгүй бөгөөд тархины үйл ажиллагааны тодорхой нэг саатлын улмаас үүдэлтэй гэдэг дээр эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр байна. Шалтгаан нь тодорхой бус тул эмчлэх, эдгээх, засах, хэвийн болгох гэсэн ойлголтыг ярих боломжгүй юм. Тархины үйл ажиллагаатай холбоотой тархины хөгжилд нөлөөлдөг биологийн шалтгаантай учраас аутизмтай хүн насан туршдаа аутизмтай хэвээр байдаг аж. Дотроо “сонгодог аутизм”, “өндөр чадвартай аутизм” “аспергерийн хам шинж” гэх зэрэг хэд хэдэн төрлийн аутизмын эмгэг багтдаг.
Дэлхийн зарим алдартан аутизмтай байдгийг та мэдэх үү. Ихэнхдээ тэдний аутизмын шинж чанар нь бүтээлээ амжилттай туурвихад нь нөлөөлдөг. Дэлхийн түүхэн болон өнөө цагийн ямар алдартнууд аутизмтайг сонирхоцгооё.
Никола Тесла (1856-1943)
Түүний олон шилдэг санааг хулгайлсан гэх өрсөлдөгч Томас Эдисоны балгаар Никола Тесла насан эцэслэтлээ ядуу тарчиг, ганцаараа аж төржээ. Гэхдээ Тесла олон суут санаагаараа хүртэх ёстой гавьяагаа нэхэн авсан. Энэхүү алдарт зохион бүтээгчийг аутизмтай байсан гэцгээдэг. Теслагийн үеийн тэмдэглэлээс харахад тэрээр олон төрлийн өвчнөөр шаналж, гэрэл, дуу чимээнд туйлын мэдрэмтгий, өөрийгөө тусгаарлаж, гурвын тоонд хэт автсан байжээ.
Сатоши Тажири (1965-одоог хүртэл)
Сатоши Тажири багадаа шавжинд маш дуртай байсан бөгөөд бүр найзууд нь “Шавжны эмч” гэсэн энгэрийн бичгийг хийж өгч байжээ. Насанд хүрсэн хойноо Тажири энэхүү сонирхлоо хөгжүүлсээр дэлхий дахинаа хүүхэд гэлтгүй томчуудын үзэх дуртай хүүхэйлдэйн киноны баатар болгож хувиргасан нь Pokemon юм. Сатоши Тажири нь өндөр чадварын аутизмтай бөгөөд аспергерийн хам шинжтэй гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Тэрээр энэ тухай олон нийтийн өмнө дэлгэрэнгүй ярьдаггүй ба гаргасан амжилт нь түүнийг хэн болохыг илэрхийлнэ хэмээн үздэг байна.
Микеланжело (1475-1564)
Дээдсийн Анагаах Ухааны Нийгэмлэгийн сэтгүүлд Микеланжелог аутизмтай байсан гэсэн баттай баримт бүхий нийтлэлийг бичжээ. Ижил төрлийн судалгааг хийдэг өөр нэг тэргүүлэх судлаач, профессор Майкл Фицжералд үүнтэй санал нэг байжээ. Учир нь Микеланжело өөр уран бүтээлчийн бүтээлийг ганцаараа шимтэн маш удаан сонирхдог, малгай унах төдийд уур уцаартай болчихдог, хэт хатуу дэг журамтай, нийгэмших ур чадвар муу гэх мэтийг дурдаж болох аж. Эдгээр шинж чанарууд бүгд орчин үеийн олон зуун тэмдэглэл, захидлаар тодорхойлсон нь өндөр чадварын аутизмтай нийцдэг байна.
Вольфганг Амадеус Моцарт (1756-1791)
Ихэнх судлаачид хөгжмийн алдарт зохиолч Моцарт аутизмтай байсан гэдэгтэй санал нийлдэг. Моцарт багадаа чанга дуу чимээнд маш мэдрэмтгий хүүхэд байсан ба богино хугацаанд анхаарлаа төвлөрүүлдэг байсан бөгөөд хэдхэн секундын дотор нүүрний хувирлаа өөрчилдөг байжээ. Заримдаа уйдсан Моцарт муур шиг “миав” хэмээн дуугарч эсвэл ширээн дээрээ гараа тулан мост эргэлддэг байжээ.
Сэр Исаак Ньютон (1643-1727)
Кембриджийн их сургуулийн судлаачид Исаак Ньютоныг Аспергерийн хам шинжтэй эсвэл сэтгэцийн өөр эмгэгтэй байсан гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Альберт Эйнштейнийг аутизмтай гэж үздэг судлаачид өөрсдийн нийтлэлдээ Ньютон өөрийгөө аль болох тусгаарлаж, ярианы хэв маяг нь энгийн бус байсныг нотолж байв. Тэрээр найз нөхөдтэй байх чадваргүй байжээ. Тэр зөвхөн ажилдаа л бүх анхаарлаа төвлөрүүлж, олон хоногоор нойр хоолгүй явдаг байсан гэсэн мэдээлэл байдаг.
Барбара МакКлинток (1902-1992)
Барбара МакКлинток бол хромосом, нөхөн үржихүйн явцын өөрчлөлтийг судалж, томоохон нээлт хийсэн алдартай эрдэмтэн юм. Барбараг аутизмтай байсан гэж судлаачид үздэг. Тэрээр ажилдаа туйлын их анхаарч, удаан хугацааны турш анхаарлаа төвлөрүүлж чаддаг байв. Барбарагийн бүтээлийг үнэлж 1983 оны Нобелийн физиологи, анагаах ухааны шагналыг өгөх гэсэн боловч тэрээр шагналаа хүлээн зөвшөөрөөгүй гэдэг.
Стив Жобс (1955-2011)
Стив Жобсыг аутизмтай байсан гэдгийг зарим хүн таамаглал төдий гэж боддог боловч 2011 онд Apple-ийн суут хүн нас барснаас хойш таамаглал үнэн болох баримт улам бүр нэмэгдсээр байгаа юм. Түүний ажлын зарчмын төгс төгөлдөр байдал, ер бусын сэтгэлгээний хэв маяг, бусадтай харьцахдаа хүний оронд өөрийгөө тавьж үзэх сэтгэл дутагддаг чанар зэрэг нь үүнийг илтгэдэг байна.
Дан Айкройд (1952-одоог хүртэл)
Алдарт инээдмийн жүжигчин Дэн Айкройд багадаа Аспергерийн хам шинжтэй гэж эмч оношлоод хоёр ч сургуулиас хөөгдөж байв. Айкройд аутизмын туршлагынхаа талаар нэлээд шударга, илэн далангүй ярьсаар ирсэн алдартан. Мөн Оскарын шагналд нэр дэвшсэн жүжигчний аутизмын туршлагууд нь түүний “Ghostbusters” кинонд дүр бүтээхэд хэрхэн нөлөөлсөн талаар ярьж байжээ.
Ханс Кристиан Андерсен (1805-1875)
“Бяцхан лусын дагина", "Нугасны муухай дэгдээхий” зэрэг үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсон аутизмтай байсан эсэх талаарх яриа олны дунд бий. Жишээлбэл, Андерсены өдрийн тэмдэглэлд түүний хувийн амьдралд тохиолдож байсан үйл явдал, жаргалыг эдлэх боломжгүй, хариу нэхээгүй хайрынхаа талаар урт удаан хугацаанд илэн далангүй дүрсэлсэн байдаг. Тэрээр бичсэн зүйлээсээ санаа авч бүтээлийнхээ дүрийг бий болгож, үлгэрээ жаргалтай төгсгөдөггүй тохиолдол байжээ.
Сюзан Бойл (1961-одоог хүртэл)
Ихэнх хүмүүс “Нугасны муухай дэгдээхий” хочит Сюзан Бойлийг "Авьяаслаг Их Британичууд" шоу нэвтрүүлэгт оролцсоныхоо дараа 14 сая гаруй цомог борлуулсан, ичимхий шотланд эмэгтэй гэдгээр нь мэддэг. Гэхдээ Бойлийг Аспергерийн хам шинж гэдгээ зарлахад олон нийтэд урам зориг өгсөн нь Бойлын хэлснээр тайвшрах шиг болсон гэжээ. Өдгөө Бойл аутизмын талаар болон өөрт нь хэрхэн нөлөөлдөг, яаж хянах талаар суралцсаар байгаа гэжээ.
Тим Бертон (1958-одоог хүртэл)
Холливудын алдарт найруулагч Тим Бертон үнэхээр аутизмтай юу? Түүний олон жилийн хамтрагч жүжигчин Хелена Бонхам Картер ч үүнийг хэд хэдэн ярилцлагынхаа үеэр үгүйсгээгүй байдаг. Картер “Аутизмтай хүмүүс чин сэтгэлээсээ ажилладаг. Тим ажиллаж байхад нь та түүнд ямар нэгэн зүйл хэлсэн ч тэр таныг огт сонсохгүй. Гэхдээ энэ чанар нь түүнийг сайн эцэг байхад нь нөлөөлдөггүй. Тэр маш гайхалтай хошин шогийн мэдрэмж, төсөөлөлтэй байдаг. Тэр бусад хүмүүсийн харахгүй зүйлийг олж харах чадвартай” гэжээ.
Чарльз Дарвин (1809-1882)
Тринити коллежийн профессор, тэргүүлэх сэтгэцийн эмч Майкл Фицжеральд алдарт биологич Чарльз Дарвин Аспергерийн хам шинжтэй гэсэн дүгнэлтийг хийжээ. Дарвин багаасаа бусадтай харьцахаас аль болох зайлсхийдэг, маш нам гүм, ганцаардмал хүүхэд байсан гэж тэмдэглэсэн байдаг. Aутизмтай бусад олон хүмүүсийн нэгэн адил тэрээр захидал бичих гэх мэт харилцааны өөр аргыг хэрэглэхийг илүүд үздэг байв.
Эмили Дикинсон (1830-1886)
Академич Жули Браун "Аутизм ба Аспергерийн хам шинж нь уран зохиолд хэрхэн нөлөөлсөн бэ" номондоо сонгодог яруу найрагч Эмили Дикинсоныг оруулсан байдаг. Браун бол Дикинсоныг аутизмтай байсан гэж үздэг төлөөллүүдийн нэг юм. Тэр ер бусын шүлэг бичдэг, хүүхдүүдтэй сайхан харьцдаг, байнга анхилуун цэцэг шиг үнэр ханхлуулдаг байв. Дикинсоны намтар судлаач Линдалл Гордон Дикинсон мөн эпилепситэй байсан бөгөөд аутизмтай хүмүүс эпилепситэй болох магадлал өндөр байдаг хэмээн мэргэжилтнүүд үздэг.
Альберт Эйнштейн (1879-1955)
Түүхэн дэх хамгийн алдартай эрдэмтэн, математикч Альберт Эйнштейн аутизмын хэд хэдэн сонирхолтой шинж чанартай байсан гэдэг. Жишээ нь тэр насанд хүрсэн хойноо ч нийгэмшихэд бэрхшээлтэй байжээ. Хүүхэд байхаасаа тэрээр хэл ярианы хоцрогдолтой байсан ба хожим нь echolalia буюу өгүүлбэр давтаж хэлэх зуршилтай байв. Эйнштейн техникийн гайхалтай чадвартай байсан гэдэг баримт бий. Түүний эдгээр шинж чанарууд нь олон шинжээчид түүнийг аутизмтай байсан хэмээн дүгнэхэд хүргэсэн.
Бобби Фишер (1943-2008)
Шатрын их мастер, Дэлхийн шатрын аварга Бобби Фишер паранойд шизофрени, өндөр чадварын аутизмаас гадна Аспергерийн хам шинжтэй байсан гэдэг. Фишер туйлын эрч хүчтэй нэгэн байсан ч найз нөхөдгүй, нийгмийн чадвар муутай тул бусадтай сайн харьцдаггүй байв. Түүний аливаад анхаарлаа төвлөрүүлэх чадвар энгийн хүнийхээс хэд дахин илүү байсан учир шатар тоглоход нь эерэгээр нөлөөлдөг байв.
Билл Гэйтс (1955-одоог хүртэл)
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Билл Гейтсийг аутизмтай гэхээр та гайхаж байна уу? Аутизмын цөөн хэдэн мэргэжилтнүүд түүнийг аутизмтай хэмээн дүгнэжээ. Гейтс аутизмтай гэдэг нь хэзээ ч батлагдаагүй байгаа ч тэрээр анхаарлаа төвлөрүүлэхдээ бодон болон суудаг, түүний маш хураангуй, нэгэн хэвийн ярианы хэв маяг, зарим тохиолдолд ярьж буй хүнийхээ нүд рүү эгцэлж хардаггүй дадалтай гэнэ. Эдгээр нь бүгд аутизмтай хүмүүсийн нийтлэг шинжүүд ба Билл Гейтс аутизмтай байж магадгүй гэсэн таамаглал болсон юм.
Дэрил Ханна (1960-одоог хүртэл)
Дарл Ханна бол "Splash", "Blade Runner", "Steel Magnolias" зэрэг киноны үзэсгэлэнт од бөгөөд аутизмтай гэдгээ олон нийтэд нээлттэй хэлж байжээ. Кинондоо эрч хүчтэй, доргио эмэгтэй шиг харагддаг ч тэр хүүхэд байхаасаа л маш ичимхий байсан бөгөөд өдгөө ч ярилцлага өгөхөөс аль болох татгалзаж, тэр байтугай киноныхоо нээлтэд оролцохгүйг хичээдэг гэнэ. Ханна аутизмаа удирдаж сурсан ч энтертайнмент салбараа орхиж, сүүлийн үед байгаль орчны асуудал болон бусад хүсэл сонирхолдоо илүүтэй анхаарлаа төвлөрүүлэх болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна