Хөл хорив. Хорьж байгаад вакцинаа эрчимжүүлж, цар тахлыг нам дарж авна гэсэн төсөөлөл хаана хаанаа байлаа. Гэвч вакцинжуулалт зогсов. Иргэдийн эсэргүүцэл, эгдүүцэл олон нийтийн сүлжээнд хуурай өвсөнд авалцсан түймэр лугаа тархаж, хэнийг ч хуйхлахад бэлэн болохтой зэрэгцээд Засаг тайлбар өгөв. “Вакцинжуулалтыг хоёр дахин нэмэгдүүлнэ” гэж байсан гурван албан тушаалтан амны хаалтны цаанаас улаан нүүрээ улалзуулан байж тайлбарлах аядав. Үнэндээ албаны тайлбар “амьдралгүй, амьгүй, үнэмшилгүй” байлаа.
“Вакцинжуулалт тахлын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж байгаа учраас зогсоосон” гэж тэд мэдэгдсэн нь “гал дээр тос нэмэв”. “Муу нуухаар сайн илчил” гэдэг ч тэд үнэнийг ард түмэнд шулуухан хэлчихэж чадсангүй. Утга авцалдаа муутай тайлбар хэлсэн нь хоёрхон хоногийн өмнө “Вакцинжуулалтаа эрчимжүүлж, орлогогүй болсон иргэддээ Оюутолгойн татвараас орж ирсэн мөнгийг тарааж, хөл хорионы хүнд бэрхийг даван туулахыг уриалж байснаас нь тэс зөрж, “муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэгчээр л юм боллоо.
Эргэж буцсан, уймраа шийдвэрийг нь иргэд эсэргүүцэж, эгдүүцэх нь зүйн хэрэг.
Яг үнэндээ бол вакцины нөөц 192 мянган тун л үлдэж, тиймээс ч арга буюу зогсоохоос аргагүйд хүрч. Ийм байдалд хүргэсэн гол шалтгаан нь вакцин тээвэрлэлт саатсанаас үүдэлтэй гэх. Буруутан нь ойворгон засгийн олхиогүй албатууд болж таарлаа. Эрх баригчид алгаа тосон аврал эрж, тал засан царайчлан байж тусламж, хөнгөлөлт, хөтөлбөр гээд юу байдагт нь хамрагдан вакцинтай болсон. Гэтэл “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд хандивлаж буй вакциныг гардуулан өгсөн тухай албан мэдээнд хандивлагчдад талархал илэрхийлсэн ганц ч өгүүлбэр байсангүй. Түүнийхээ төлөө уучлалт гуйх ёстой байтал Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Европыг төлөөлөн суугаа төлөөлөгчтэй твийтерээр маргалдаж, дипломат ёсонд байж боломжгүй алдаа гаргасан. Энэ мэт ойворгон үйлдлээс болоод Гадаад ертөнц биднээс нүүрээ буруулж, вакцины нийлүүлэлт тасалдав.
Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр “Гэрээг Гадаад харилцааны яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам хамтран, Засгийн газрыг төлөөлж хийж байгаа” гэнэ. Шадар сайдын хэлснээр, “Дөрөвдүгээр сарын 9, 12-нд тус бүр 300 мянган тун вакцин, нийтдээ 600 мянган тун вакцин ирэх байсан нь тээвэрлэлтийн улмаас хойшилсон” байна. Тээвэрлэлт хэд хоног саатахыг хэлж мэдэхгүй байгаа учраас тэд иргэддээ мэдээлэл хийсэн нь “шонд дүүжлүүлэх” шахав.
Яг ийм хүнд цаг үед яриа хэлэлцээрээ түргэсгэж, утас цохиж, нот бичиг илгээн асуудлыг шийдэх ёстой албан тушаалтан бол Гадаад харилцааны сайд. Гэтэл өөрийнх нь хариуцсан ажлаас болоод хөл хорио ямар ч үр дүнгүй болж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байхад бусдын араар нуугдав. У.Хүрэлсүхийн засаг иймэрхүү ажлаа сэтгэлээсээ хийж, хариуцлагаа хүлээж чаддаггүй албан тушаалтнуудаасаа болоод огцорсон.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагаж мэдэх том хар нүх нь Гадаад харилцааны яам болчихлоо. Цар тахалтай тэмцэх тэмцэл дотоодоос илүү гаднаас хамааралтай байгааг вакцинжуулалт, хилийн хорио хэлээд байна. Тиймээс ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хоёр хөршийн холбогдох албан тушаалтнуудад өндөр ач холбогдол өгч, талархал илэрхийлэн харилцаагаа улам сайжруулахаар утсаар ч болтугай санал солилцох болсон.
Сүүлд гэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай утсаар ярьж, хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох, БНХАУ-аас худалдан авахаар яриа хэлэлцээ хийж буй вакциныг ойрын хугацаанд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.
Монголын цар тахлын үед элгээр нь хэвтүүлчихгүй байгаа ганц салбар болсон уул уурхайн салбар зогсонги байдалд орсон учраас засгийн тэргүүн ийн ярьсан хэрэг.
Үүнээс өмнө Уул уурхайн сайд Г.Ёндон бас л БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай утсаар ярьж, учирлан гуйж хилээ аль болон хурдан нээж, нүүрс тээвэрлэлтийг хэвийн байдалд оруулахыг хүссэн.
Гэтэл хамгийн түрүүнд асуудлыг нааштайгаар шийдэхэд бүхий л бололцоогоо дайчлах ёстой Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан мэдээг нь “шэйрлээд” Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргын ажлыг хийгээд сууж байх. Вакцинжуулалтын гэрээг хариуцаж байгаа сайд, яамны төлөөлөл нь вакцин тасарсан шалтгааныг тайлбарласан хуралд байсангүй. Харин Б.Батцэцэг сайдын өмнөөс Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг тайлбар хийж, түмэн олонд жичлүүлээд сууж байх жишээтэй.
Оюутолгойн ажилтнаас халдвар илэрч БНХАУ хилээ хааснаас нүүрсний экспортын хэмжээ эрс багассан бөгөөд Шивээхүрэнгийн боомтоор өдөртөө 360 машин нүүрс гардаг байсан бол сүүлийн өдрүүдэд 100 хүрэхгүй нүүрс тээвэр гарч байна. Уул уурхайн яамнаас мэдээлж байгаагаар, тус боомтоор энэ сарын 2-нд 50, 3-нд 92, 5-нд 88 нүүрс тээврийн машин гарчээ. Төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбар ийнхүү хүнд байдалд орчихлоо. Төсөв тасалдах нь тодорхой болжээ. Хэвийн байдалд нь оруулахад биднээс илүүтэй Хятадын талаас хамааралтай болчихлоо.
Тийм гэдгийг ч Ерөнхий, Уул уурхайн сайдуудын хийсэн үйлдэл бэлхнээ гэрчилнэ. Гэтэл хариуцсан яамныхан нь юу хийж, хаагуур явна вэ?
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн албан ёсны цахим хуудас руу орвол Засгийн газраас иргэн бүрт олгож буй 300 мянган төгрөгийн тухай мэдээллийг 9-нд түгээсэн байх агаад өөрийн биеэр оролцсон ажил нь, АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар нийслэл Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, улмаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах цогц хөтөлбөр хэрэгжүүлэх компакт гэрээнд гарын үсэг зураг байх. Гэтэл уг гэрээг сайд биш Монголын Мянганы сорилтын захирал эмэгтэй 5-6 жил хөөцөлдөн, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдэд зануулан байж хэрэгжүүлэхээр болсон автор нь байх жишээтэй.
Харин дэд сайд Б.Мөнхжин нь хөдөлгөөн хязгаарласан цагаар албаны машинаар хөлчүү хүүхнүүдийг зөөвөрлөснөө баллуурдах гээд элдэв сайтад тайлбар хийж, тайлбартаа өөрөө ороогдоод завгүй явна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамгийн том үүрэг гүйцэтгэх ёстой Гадаад харилцааны яамныхан нь ийнхүү ажлаа хийж чадахгүй байгаагаас болоод Монгол Улсын 3,3 сая иргэнээс хэд нь ч цар тахлаар амиа алдаж болзошгүй нөхцөл байдал үүсчихлээ.
Вакцинжуулалт зогсов. Вакцинжуулалт зогссоноос болоод нүүрс тээвэрлэлт бас л зогсов.
Сүүлчийн боломжоо ашиглаж, маш хүнд нөхцөлд хөл хорио тогтоох шийдвэр гаргасан Засгийн газрын ажил талаар болов. Энэ бүхний гол буруутнууд харин таг чиг. Эрүүл мэнд, эдийн засгаа аврах төлөвлөгөөг эцсийн бүлэгт ганц л яам үгүй хийж. Намын шахаагаар томилогдсон Гадаад харилцааны яамныхан гавьяа байгуулдаггүй юмаа гэхэд гай болмооргүй байна. Мэддэг, чаддаг хүнд нь ажлаа өгөөд ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцсан нь шулуухан.
Эх сурвалж: eagle.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна