“Далан давхар” оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Далан давхар (Самбалхүндэв)-ийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв барина. 

Төслийг Нийслэлийн Захирагчийн ажлын алба, “Нью Семетри” ХХК  төслийг хамтран хэрэгжүүлэхээр өчигдөр санамж бичиг байгуулав.  Далан давхарын оршуулгын газар нь нийт 70 га талбайтай. Хамтран ажиллах хүрээнд эхний ээлжинд 10 га талбайд тохижилт бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Цаашид энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагатай хамтран үе шаттайгаар тохижилт бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ.

Энэ ажлыг 40 гаруй тэрбум төгрөгийн концессийн гэрээгээр 2015 онд хийхээр төлөвлөсөн ч хэрэгжээгүй. Иймд төслийг “Нью Семетри” ХХК нь төсвөөс дэмжлэг, санхүүжилт авахгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр хийх аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оршуулгын үйлчилгээний зохистой менежмент бий болгох, оршуулгын газрыг ойжуулах, “Далан давхар”-ын оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг ч тусгажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна