Цар тахлын дараах эдийн засагт түүхий эд ноёрхоно


Цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд хөрөнгө оруулалт шаардлагатай билээ. Энэ хөрөнгө оруулалтыг улс орнууд төв банкнаас засгийн газрын бонд худалдаж авч, хөнгөлөлттэй зээл гарган тусгай санхүүжилтээр шийдвэрлэж байна. Ковид-19 халдварт өвчний тархалтыг хумьж, бууруулах нь тусгай санхүүжилтийг үр дүнтэй хөрөнгө оруулалт болгоход чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Ковид19-ийн эсрэг вакцин гарч дархлаажуулалтын аян дэлхийн өнцөг булан бүрт өрнөж байгаа. Гэвч вакцин улс болгонд хүрэлцээтэй биш байна. Вакцины хүрэлцээ өрнөдийн орнуудын эдийн засагт ч муугаар нөлөөлж байна. Дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдан авагч улс болох АНУ, Европын орнуудад халдвар улам ихсэж, буурахгүй байгаа нь олон улсын эдийн засгийн сэргэлтийг хойшлуулахад хүргэж байна. АНУ, Европын орнуудын халдвар буурахгүй байгаа нь түүхий эдийн эрэлтийг хумьж байна. 2021 оны зунаас вакцинжуулалт идэвхтэй явагдаж, ковид-19-ийн халдварын тархалт буурах таамаглал бий.

Иймд дэлхийн хэмжээнд цар тахлын идэвхжилт буурсны дараа хөрөнгө оруулалтын урсгал аль салбарыг чиглэх, голлох түүхий эдийн үнэ өсөх эсэхийг судлаж гаргаж ирэхийг эдийн засагчид, шинжээчид зорьж байгааг Аюулгүй байдал судлалын хүрээлэн гаргажээ. Эдийн засгийн сэргэлттэй зэрэгцэж  хөрөнгө оруулагчид түүхий эдийн зах зээлд илүү анхаарлаа хандуулах таамаглалтай байна. Учир нь дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалт ирэх жилүүдэд өснө гэж ОУВС-аас гаргасан энэ оны эхний тайланд дурьдсан билээ.

Түүхий эдийн зах зээлийн сэргэлт ба хөрөнгө оруулалтын урсгал

 “Түүхий эдийн үнийн шинэ супер цикл эхэлсэн байж магадгүй” гэж “JPMorgan Chase & Co” байгууллагаас онцолжээ. Энэ нь сүүлийн үед хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ огцом өсч, металлын үнэ сүүлийн жилүүдийн хамгийн өндөр түвшинд хүрч, нэг баррель газрын тосны үнэ 50 ам.доллароос даваад байгаатай холбоотой юм. “Эдгээр үнийн өсөлт нь цаг уурын өөрчлөлтийн эсрэг газрын тосны нийлүүлэлтийг хязгаарлах, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийг байгуулахтай холбоотойгоор металлын эрэлт нэмэгдэх зэргээс шалтгаалсан байх магадлалтай” гэж JPMorgan Chase & Cо-ийн эдийн засагч Марко Колановикаар ахлуулсан эдийн засгийн шинжээчдийн баг үзэж байна. “Өнгөрсөн жил унаад байсан газрын тосны үнэ сэргэж, огцом унасан газар тариалангийн бизнес идэвхжээд байгаа нь дараагийн түүхий эдийн үнийн супер цикл эхэлсэн болохыг илтгэж байж болзошгүй” гэж Марко Колановик хэлжээ. Энэ нь сүүлийн 100 жилийн 5 дахь супер цикл болох бөгөөд хамгийн сүүлийнх нь БНХАУ-ын эдийн засгийн огцом өсөлттэй холбоотой байсан аж. Харин энэ удаагийн циклд цар тахлын дараах улс орнуудын сэргэлт, төв банкуудын хэт зөөлөн мөнгөний бодлогын хэрэгжилт, ам.долларын сулралт, нам дор инфляц, дэлхий даяар байгаль орчныг хамгаалах хатуу бодлого хэрэгжиж байгаа зэрэг нь нөлөөлнө гэж үзээд байна.

Түүхий эдийн үнэ өссөнөөр Австралийн эдийн засаг цар тахлын үед өсөлттэй байжээ. Австралийн эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого зургаадугаар сараар эцэслэх санхүүгийн жилд 225 тэрбум ам.доллар хүрэхээр байгааг тус улсын Засгийн газар тооцоолоод байна. Энэ нь бүх цагийн үеийн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт болох юм. Дэлхийн эдийн засаг цар тахлын хямралаас сэргэж, төмрийн хүдэр болон цэнэг хураагуур үйлдвэрлэхэд ашигладаг металлуудын эрэлт өсөж байгаа нь үүнд нөлөөлнө гэж тайлбарлажээ. Төмрийн хүдэр, шингэрүүлсэн байгалийн хий, зэсийн үнэ өссөнөөр Австралийн эдийн засаг цар тахлын үед ч өсөлттэй байсан аж. Түүнчлэн 2026 он хүртэлх хугацаанд Австралийн газрын ховор элемент, тэр дундаа литийн экспорт тав дахин өсөх төлөвтэй гэж тооцоолжээ. Мөн энэ хугацаанд зэсийн экспортын орлого жилд дунджаар долоон хувиар өсөхөөр байгаа юм байна.

Харин Хятадын ӨМӨЗО 2021 оны нэгдүгээр сард 95.3 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байв. Өвөр Монголын нүүрс олборлогч компаниуд үйлдвэрлэлээ ийнхүү дөрвөн сар дараалан 93 сая тонноос дээгүүр хадгалснаар БНХАУ-ын нүүрсний зах зээлд нийлүүлэлт тогтвортой үргэлжлэх нөхцөл болж байна. Цагаан сарын үеэр нийлүүлэлтээ тогтвортой хадгалахын тулд жилийн нийт 860 сая тонны хүчин чадалтай ойролцоогоор 200 нүүрсний уурхайг хэвийн горимоор ажиллуулах шийдвэр гаргасан нь хоёрдугаар сарын эхэн үед нийлүүлэлтийн дийлэнхийг бүрдүүлэх үүрэгтэй 76 цахилгаан станцын нөөц 11 сая тонн буюу 17 хоногийн хангалттай нөөцийн түвшинд хүрэхэд нөлөөлөв.

Цагаан сарын дараа БНХАУ-ын зах зээл дээрх коксжих нүүрсний үнэ баярын өмнөх үеийн түвшинд тогтвортой хадгалагдсан бөгөөд цаашид ган үйлдвэрлэгчдийн идэвхжил өндөр байдаг 4-5 сараас өмнө богино хугацаанд нүүрсний үнийг төдийлөн нэмэгдүүлэхгүй байх хүлээлттэй. Харин дэлхийн зах зээл дээрх коксжих нүүрсний үнэ Энэтхэгийн гангийн үйлдвэрүүдийн эрэлт өндөр байгаа нөлөөгөөр нэмэгдээд байна.

 БНХАУ-ын хойд мужуудын нэг Шаанси мужийн хүрэн нүүрсний нөөц хоёрдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 5.44 сая тонн хүрч цагаан сарын өмнөх үеэс 7.41 хувиар нэмэгдэв. Тус нөөцийн хэмжээ таван сая тоннд тогтвортой хадгалагдаж байсан бол нэгдүгээр сарын дунд үеэс хойд мужуудын боомт дээрх нөөц нэмэгдсэн нөлөөгөөр хурдтай өсчээ. Цаашид хүйтний улирал дуусч нийлүүлэлт тогтвортой байх хүлээлттэй тул үнэ богино хугацаанд нэмэгдэхээргүй байна.

Дэлхийн түүхий эдийн зах зээл сэргэх таатай нөхцөл бүрдсэн талаар дээр дурдсан. Цар тахлын дараах эдийн засгийн бодлого нь зах зээлд их хэмжээний бэлэн мөнгөний нийлүүлэлт хийгдэж, худалдан авалтыг дэмжих болсон юм. Энэ нь эцсийн бүтээгдэхүүний үнээс илүүтэйгээр анхдагч түүхий эдийн үнэд шууд нөлөөлж байна. Дэлхийн гол нийлүүлэгч улс болох БНХАУ-ын хувьд үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж эдийн засгаа тогтвортой өсгөх бодлого баримталж байгаа юм. Уг бодлогыг хэрэгжүүлэхийн тулд түүхий эдийн арвин нөөцтэй орнуудтай түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгааг Гадаад харилцааны сайд Ван И-ийн өнгөрсөн жилийн айлчлалаас дүгнэж болох юм. Харин АНУ-ын хувьд гурван их наяд ам.долларын өртөг бүхий урт хугацааны хөтөлбөрийг зарлахаар бэлтгэж байгаа юм. Уг хөтөлбөр нь дэд бүтэц, цахим эдийн засаг, инновацын салбарыг дэмжих талаар дээр дурдсан. Уг салбарууд нь зэс, нүүрс, газрын ховор элемент зэрэг голлох түүхий эдийн хэрэглээг өсгөж өгөх юм.

Монголын эдийн засгийн өсөлтийн гол шалтгаан түүхий эд

Мүүдис агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж, төлөвийг “сөрөг” байснаас “Тогтвортой” болгож сайжруулснаа зарлахдаа “Төсвийн алдагдлыг 2021 онд буурч, ДНБ-ийн өсөлт бий болоход нөлөөлөх гол хүчин зүйл нь уул уурхайн салбарын орлогын өсөлт байх болно”  хэмээн тус байгууллагын шинжээчид үзсэн. БНХАУ-ын эдийн засаг сэргэснээр Монгол Улсын уул уурхайн салбарын экспортын орлого сэргэнэ гэж үзэв. Түүнчлэн Тавантолгойгоос БНХАУын хил хүртэлх коксжих нүүрс тээвэрлэх төмөр замыг төлөвлөгөөний дагуу 2021 оны төгсгөлд ашиглалтад оруулснаар экспортын сэргэлт улам бүр нэмэгдэнэ гэж Мүүдис агентлаг үзжээ.  

Монголбанкнаас монголын эдийн засгийн өсөлт хоёрдугаар  улиралд 6-7 хувиар өсөх бөгөөд гол шалтгаан нь уул уурхайн салбарт 35-36 хувийн өсөлт бий болох хүлээлттэй байгааг зарласан. Уул уурхайн салбар 36 хувь өссөнөөр ДНБ-ий өсөлт долоон хувийг давна гэж эдийн засагчид үзэж байгаа юм.

Дэлхийн хэмжээнд хөрөнгө оруулалт нэмэгдэхээр байгааг дээр дурдсан мэдээллүүдээс дүгнэж болохоор байна. Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалт татаж эдийн засгаа богино хугацаанд сэргээх нь нэг төрлийн гарц юм. Иймд хөрөнгө оруулалт татах ажлыг яаралтай эхлүүлж, эрх зүйн орчноо тогтвортой байлгахыг зөвлөж байгаа юм. Энэ цаг үед Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөхөөр Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчидтай хэлэлцээний ширээний ард сууж байгааг дэлхий нийтээр харж байгаа билээ.

Эх сурвалж: eagle.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна