Д.Сумъяабазар: Эрүүл мэндийн ажилтнуудынхаа ажил, амралтыг нь зохицуулж, дархлааг нь дэмжиж, урам өгөөрэй


Нийслэлийн Онцгой комиссоос Дүүргийн Онцгой комисс болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахимаар хуралдлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дүүргийн удирдлагууд бэлтгэл ажлуудаа сайтар хангаж, хоорондоо уялдаа холбоотой, зохион байгуулалттай ажиллах ёстой гэдгийг хэлсэн юм. Мөн үүргээ гүйцэтгэж яваад халдвар авч, амиа алдсан алба хаагчдадаа гүн эмгэнэл илэрхийлж, халуун цэгт ажиллаж байгаа дүүргийн удирдлагууд, эмнэлгийн ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, өөрсдөө халдвар авахаас сэргийлж ажиллахыг сануулсан. Тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил, амралтыг нь зохицуулж, дархлааг нь дэмжиж, урам өгөөрэй гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн хувьд өнөөдрийн байдлаар 1040 хүн гэрийн ажиглалтад байна. Эдгээр хүний ойрын хавьтал 2000 гаруй иргэн бий. Дүүргийн нэгдсэн эмнэлэг 200 ор дэлгэсэн ч ор нь дүүрчээ. Тандалтын таван баг 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр өдөрт 500-600 хүнээс гэрээр нь шинжилгээ авч байгаа гэнэ. Мөн коронавирусийн үед амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хүндрэлтэй болж байгааг ярьж байлаа. Баянзүрх дүүргийн хувьд гэрийн эмчилгээнд 980 хүн, гэрийн ажиглалтад 329 хүн байна. Мөн 690 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тандалтын баг болон зайлшгүй шаардлагатай иргэдээс шинжилгээ авах цэг өдөрт 1000 орчим хүнээс ПСР шинжилгээ авдаг. Иргэд оношлогдож ирээд 2-3 хоногийн дараа хүндэрч байгааг албаныхан хэллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна