Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж тогтвортой байна


Нийслэл, аймгуудаас энэ сарын 20-нд авсан судалгаагаар, улсын хэмжээнд 15,7 мянган тн мах, 166,1 мянган тн гурил, 1,3 мянган тн гурилан бүтээгдэхүүний нөөцтэй байна.

Мөн 11,8 мянган тн төрөл бүрийн будаа, 1,2 мянган тн хуурай сүү, 1,5 сая ширхэг өндөг, 3,7 мянган тн ургамлын тос, 48,2 мянган тн төмс, 17,8 мянган тн хүнсний ногоо, 7,5 мянган тн элсэн чихэр, 1,08 мянган тонн давс байгааг ХХААХҮЯ мэдээлэв.

Судалгаанд нийслэл, орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүр, хүнсний үйлдвэр дэх хүнсний нөөцийг хамруулжээ. Ингэхдээ дотоодын гурилын үйлдвэрүүдийн агуулахын улаанбуудайн нөөцийг гурилд шилжүүлж тооцсон байна.

Харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн түвшинд хадгалсан нөөц, мөн хөдөө орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг зоорийн нөөц ороогүй аж.

Импортын хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хувьд, томоохон импортлогчдоос авсан судалгаагаар энэ оны 4 болон дугаар сард 2,9 мянган тн цагаан будаа, 5,3 мянган тн элсэн чихэр, 422 тн ургамлын тос авах захиалгатай байв.

Импортоор 4 мянган тн цагаан будаа, 3,2 мянган тн элсэн чихэр, 1,14 мянган тн ургамлын тос ачуулжээ. Гол нэрийн бүтээгдэхүүний одоо байгаа нөөц, хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэхээр хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байхаар байна.

Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан ХХААХҮ-ийн сайдын ахалсан Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг байгуулж, улсын хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран идэвхтэй ажиллаж байгаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна