Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихийг хориглосон Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авлаа. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй болов. Одоо УИХ улс төрийн нам, эвслүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахаас өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу энэ сарын 30-наас тавдугаар сарын 2-ны хооронд УИХ-д суудалтай нам, эвслүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна. Үүний дагуу УИХ-д суудалтай гурван нам, нэг эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бөгөөд ямар хүмүүс нэр дэвшүүлэх нь одоо олны анхаарлын төвд байна. Ингээд төрийн тэргүүний өрсөлдөөнд хэн хэн хүч үзэх таамгийг сонирхуулъя.
АН-д өрсөлдөөн ширүүснэ
МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь тодорхой болсон. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ өөрөө зарлаад буй.
Харин МАХН тэргүүтэй намуудын эвсэл болох “Та бидний эвсэл”-ээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар дахин нэр дэвших магадлал өндөр байгаа. Гэхдээ МАН-ын 100 жилийн ойн хүрээнд угшил нэгтэй МАН, МАХН хоёр нэгдэх эсвэл эвсэх сураг хүчээ авч байсан. Энэ үед МАХН-ынхны дундаас УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхгүй тухай яриа ч гарч байв. Тэгвэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулахад 10 хүрэхгүй хоног үлдээд байхад хоёр намын нэгдэл, эвслийн алхам урагшилсангүй. Бүр ч нам жим болов. Тэгэхээр угшил нэгтнүүдийн нэгдэл хоосон сурагаас хэтрэхгүй бололтой. Хэрвээ “Та бидний эвсэл” сонгуульд дангаар оролцохоор болбол нэр дэвших магадлалтай хамгийн өндөр хүн нь С.Ганбаатар юм.
УИХ-д нэг суудалтай ХҮН-ын хувьд намын дарга Т.Доржхандаа нэр дэвшүүлэх магадлал өндөр. Гэхдээ тэрээр “Бид У.Хүрэлсүх гэдэг хүнтэй эн тэнцүү өрсөлдөхүйц хүнийг нэр дэвшүүлнэ” гэдгийг хэлээд байгаа юм. Харин тэр хүн нь одоогоор хэн гэдгийг тааварлашгүй билээ.
Харин АН-ын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшинэ гэгдэж байсан ч эцсийн мөчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд нэр дэвших эрхгүй болов. Ингэснээр дотроо зөрчилтэй байсан АН-ынхны дунд Ерөнхийлөгчид нэр дэвших өрсөлдөөн дахин ширүүсэх нь. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй Х.Тэмүүжин, З.Энхболд, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл нарын жагсаалт гарсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн УИХ-ын сонгуулийн өмнө АН-аас гарч бие даан нэр дэвшсэн Н.Алтанхуяг АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой байгаа гэх.
Харин АН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах үйл явцтай зэрэгцэн тус намын удирдлагыг бүртгэх эсэхийг Улсын Дээд шүүх шийдвэрлэх гэж байна. Тодруулбал, Дээд шүүх өнөөдөр АН-ын хоёр талаас сонгогдсон даргыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байгаа юм. Дотроо хоёр хуваагдсан АН тус тусдаа шинэ дарга тодруулж, М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр намын даргатай болсон. Тэдний хэнийг нь АН-ын жинхэнэ даргаар бүртгэх вэ гэдгийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар ийнхүү эцэслэн шийдвэрлэх гэж байна.
Түүнчлэн өнгөрсөн өдрүүдэд АН-ын хоёр талынхан уулзалдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дундаасаа тодруулах талаар ярилцаж, санал солилцсон гэгдэж буй. Ямартай ч АН-д энэ өдрүүдэд нэлээд хөдөлгөөн өрнөх бололтой.
Нэр дэвшигчид тавигдах шаардлага
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн байх ёстой. Мөн банк болон бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх шаардлагатай. Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байхаас гадна сэтгэцийн эмгэггүй байх шаардлагыг нэр дэвшигчдэд тавих юм.
Эх сурвалж: eagle.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна