Франц улсад хөл хориог үе шаттайгаар цуцална


Манай улс хөл хориог 5 дугаар сарын 3-наас эхлэн үе шаттайгаар цуцална гэж Франц улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгджээ.

Тодруулбал, Франц улсын эрх баригчид 5 дугаар сарын 3, 19-ний өдрүүд болон 6 дугаар сарын 9, 30-ны өдрүүд гэсэн дөрвөн үе шаттайгаар хөл хориог цуцлахыг зорьж байна.  

Тавдугаар сарын 3-наас дотоодын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг цуцална. Одоогоор тус улсад оршин суудаг газраасаа 10 км-ээс илүү хол замд явах бол хүндэтгэх шалтгаантай байх, зохих бичиг баримтаа үзүүлэх шаардлагатай юм. Түүнчлэн оройн 7-гоос өглөөний 6 цаг хүртэл хөл хорих цаг хэрэгжсэн хэвээр байна.

Тавдугаар сарын 19-нөөс хөл хорих цагийг оройны 9 цагаас болгож сунгана. Үүнээс гадна музей, театр, кинотеатруудын үйл ажиллагааг хязгаарлалтын журмыг дагаж мөрдүүлэх нөхцөлтэйгээр явуулна. Мөн зоогийн газрууд гадна талбайдаа үйлчлүүлэгчид хүлээн авах, спортын уралдаан тэмцээнүүдийг үзэгчтэйгээр явуулах боломжтой болно.

Зургаадугаар сарын 9-нөөс хөл хорих цаг дахин хоёр цагаар сунгагдана. Кафе, зоогийн газруудын үйл ажиллагааг бүрэн сэргээж, хамгийн ихдээ мянга орчим хүнийг оролцуулсан хурал цуглаан, концерт зохион байгуулахыг зөвшөөрнө. Энэ өдрөөс эхлэн Франц гадаадын жуулчдыг хүлээн авах хэдий ч вакцинжуулалт, дархлаажуулалтын паспортоос хамаарч тэднийг хилээрээ нэвтрүүлэх аж.

Зургаадугаар сарын 13-наас Франц хөл хорионы цаг, дийлэнх хязгаарлалтыг бүрэн цуцлах төлөвтэй байна. Гэсэн ч энэ ондоо багтан коронавирусын халдварт өвчнөөс үүдэлтэй хямралаас Франц гарч чадах эсэхийг Ерөнхийлөгч Э.Макроноос асуухад “үүнийг хэлж мэдэхгүй юм” гэж хариулжээ. 

Цар тахал дэгдэж эхэлснээс хойш тус улсад халдварын 5.6 сая тохиолдол бүртгэгдэж, 105 мянган хүн нас барсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна