Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
НАМУУД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧЭЭ ТОДРУУЛНА
УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаа дөрөвдүгээр сарын 30-нд эхэлж, өнөөдөр дуусаж байна.
МАН өнөөдөр 15.00 цагт Бага хурлаа хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх улстөрчөө тодруулахаар товложээ. Хоёр хуваагдаад байгаа АН-аас нийт найман хүн нэрээ дэвшүүлсэн ч С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг гишүүдээсээ хамгийн олон санал авсныг зарлаад буй юм.
Хөдөлмөрийн үндэсний намын тухайд эдийн засагч Д.Жаргалсайханыг өөрийн намын нэрийн өмнөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал тавьсан ч тэрбээр татгалзсан. Дараа нь эдийн засагч, нийтлэлч Д.Энхбатад ийм санал тавиад байгаа бөгөөд тэрбээр ХҮН-ын саналыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо өнөөдөр 13.00 цагийн орчимд мэдэгдлээ.
Намууд сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа дууссаны дараа нам, эвсэл нь гурав хоногт багтаан нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Уг хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид баталгаажна.
МОНГОЛ УЛС ЭНЭТХЭГТ НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
Энэтхэг Улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч, тав хоног дараалан өдөрт 3000 ба түүнээс олон хүн ковид-19-ийн улмаас нас барж, нас барагсдын тоо 215 мянгад хүрчээ. Тавдугаар сарын 2-ны ням гарагийн мэдээгээр тус улсад 392 мянган хүнээс коронавирусийн халдвар илэрснээр халдвартай хүний тоо 19.5 сая хүрсэн байна. Энэтхэгт одоогоор 33 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн улмаас эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж зарим хүн эмнэлгийн тусламж авч амжилгүй нас барж байна.
Цар тахлын улмаас олон хүн амиа алдаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Энэтхэг улсад нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэснээ баасан гарагт зарлав. Дэлхийн улс орнууд ч эв санааны нэгдлээ илэрхийлж, 40 гаруй улс орон Энэтхэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ илэрхийлээд буй юм.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР МАХН-ААС ГАРЧ, АН-Д ЭЛСЭВ
МАХН энэ Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дэвшигчийн дэмжин оролцохоор шийдвэрлэж, хамтын ажиллагааны гэрээнд өнгөрсөн пүрэв гарагт гарын үсэг зурлаа.
МАН, МАХН хамтрах шийдвэр гаргасан даруйд МАХН-ыг УИХ-д төлөөлдөг ганц гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч буйгаа мэдэгдэж, Ерөнхий нарийн бичгийн даргадаа намын батлахаа хүлээлгэн өгөөд, “УИХ дахь МАН-ын бүлгийн 62 суудлыг 63 болго гэж намайг Эрдэнэтчүүд сонгоогүй. Ийм учраас МАХН-аас гарч байна” гэв.
Үүнээс хойш хоёр цагийн дотор тэрбээр АН-д элсэж буйгаа мэдэгдсэн бөгөөд АН-ынхан ч бүлгийн гишүүдийнх нь тоо нэгээр нэмэгдэж буйд талархалтай буй илэрхийллээ. Маргааш нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа зарлаж, тус намын бусад гишүүдийн адил намын гишүүдээс санал авах сунгаанд оролцсон боловч олонхийн санал аваагүй нь ойлгомжтой.
ӨНГӨРЧ БУЙ ДОЛОО ХОНОГТ 7987 ХҮН ХАЛДВАР АВЧ, 38 ХҮН НАС БАРЖ, 5957 ХҮН ЭДГЭРЛЭЭ
Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосноос хойш гурав дахь долоо хоног дуусаж байгаа ч өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурахгүй байна. Өнгөрсөн даваагаас ням гарагийн хооронд:
Сүүлийн өдрүүдэд халдварын тоо нэмэгдэхийн хэрээр хүндрэх хүний тоо ихсэж байгаа тул хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэж байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. УОК-ын шийдвэрээр ХӨСҮТ-д хүчилтөрөгчийн үйлдвэр барих ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ ажил дуусах шатандаа оржээ.
Хүчилтөрөгчийн шинэ үйлдвэр ашиглалтад орвол өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр дамжуулан сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг болон ковидын эмчилгээний өрөөнүүдэд хананы холбоосоор хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй нөхцөл бүрдэх юм.
НИЙСЛЭЛД ДОНОРЫН ЦУСЫГ ДРОНООР ХҮРГЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ ХИЙЛЭЭ
Цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэж, эмнэлгүүдэд шуурхай хүргэх зориулалттай дроны анхны нислэгийг энэ сарын 28-нд хийлээ. Улаанбаатар хотын замын түгжрэлд саатаж цаг алдахгүйгээр шаардлагатай тохиолдолд цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэж, эмнэлэгт шуурхай хүргэх боломж ийн бүрдэв.
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроныг ашиглах нь цус, цусан бүтээгдэхүүнийг захиалгын дагуу тээвэрлэх зардал, хугацааг хэмнэх, хүний нөөц, ажлын ачааллыг багасгах замаар эдийн засгийн үр ашгийг нэмэх ач холбогдолтой. “Карбон Композитс” компанийн монгол инженерүүд ур ухаанаа шингээж, мэргэжлийн өндөр түвшинд дроны техникийн ажлыг хариуцан хийжээ.
ГАДААДААС ИРСЭН 40 ИРГЭНЭЭС ХАЛДВАР ИЛЭРСНИЙ 19 НЬ ЭНЭТХЭГ УЛСЫН ИРГЭН БАЙВ
Өнгөрч буй долоо хоногт тусгай үүргийн онгоцоор ирсэн 40 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүний:
Дорноговь аймагт барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллахаар Энэтхэг улсаас мэргэжилтнүүд ирсэн бөгөөд тэдний 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байна.
УЛААН БҮСЭД АЖИЛЛАЖ БАЙСАН СУВИЛАГЧ 6-Р ДАВХРААС УНАЖ АМИА АЛДАВ
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан сувилагч дөрөвдүгээр сарын 29-ний шөнө 00.23 цагийн орчимд зургаадугаар давхраас унаж амиа алдлаа. Амиа алдсан сувилагч тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байсан бөгөөд 2-3 хоногийн өмнө улаан бүсэд томилогдон ковидтой өвчтөнүүдэд тусламж үзүүлж эхэлжээ.
Сувилагч бүсгүй орой нь цагийн тариагаа хийчихээд, Сувилагчийн постондоо ирээд зөв зүгээр ажлаа хийж байсан. Ийм алхам хийх ямар учир шалтгаан байсан нь одоогоор хариултгүй байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буйгаа мэдэгдсэн юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд нас барсан сувилагчийн ар гэр болон хамг олонд эмгэнэл илэрхийлээд үхлийн шалтгааныг тогтооход ЭМЯ болон эмнэлгийн удирдлага шуурхай хамтарч ажиллана гэдгээ илэрхийлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна