Сонгуулийн цаг явж эхэллээ


Өнөөдрөөс яг 38 хоногийн дараа монголчууд бид зургаа дахь Ерөнхийлөгчөө бүх ард түмний саналаар сонгоно. Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, өмнө нь УИХ-д суудалтай нам, эвслүүд 45 нас хүрсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг байсан бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу одоо 50 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлэхээр хуульчилсан. Түүнчлэн өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгогдох эрхтэй болж буй. 

Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгахаар заасны дагуу УИХ-д суудалтай нам, эвслүүд тавдугаар сарын 2-нд багтаж нэр дэвшигчдээ өчигдөр тодрууллаа. Мөн өдөрт багтаж нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө Үндэсний аудитын газарт хүргүүлээд байна.

МАН-ын 100 хувийн дэмжлэг

МАН-ын гишүүд дэмжигчдээс Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой таван хүний нэр санал болгосноос Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Удирдах зөвлөл, намын бага хурлаас 100 хувийн дэмжлэг авчээ. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох  мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа  2020 оны МАН-ын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулсан гэдгийг тодотгож буй. Харин намаасаа нэр дэвших эрхээ авсан МАН-ын дарга У.Хүрэлсүх нь хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллахдаа эхлүүлсэн, хийж хэрэгжүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэх, УИХ, Засгийн газартай хамтран ажиллаж, улс орны хөгжлийн түвшинг шинэ шатанд гаргах, шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлэх зорилго тавин нэр дэвшиж байгаагаа хэллээ. 

Улстөрийн ууган хүчний хувьд сонгуулийн босгон дээр үүсэл гарал нэгтэй МАХН-тай нэгдэн нийлэх гэрээг үзэглэсэн билээ. Улмаар УИХ-д төлөөлөлтэй "Та бидний эвсэл"-ийг бүрдүүлэгч МАХН нь Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дэвшигчтэй өрсөлдөх бус дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Энэ үйл явдалтай зэрэгцэн тус эвслийн УИХ дахь төлөөлөл С.Ганбаатар МАХН-аас гарч, Ардчилсан нам элссэн юм. Тэгвэл эвслийг бүрдүүлэгч Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын нэгдсэн намын зүгээс С.Ганбаатар энэ үйлдлээрээ "Та бидний эвсэл"-ийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх оролцох боломжгүй болгосныг мэдэгджээ.

Ардчилсан намуудын тэнцүү өрсөлдөгчид

Дотоод зөрчил, хуваагдлаа шийдэж чадаагүй Ардчилсан нам хоёр нэр дэвшигчтэйгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн гараанд ирж байна. Бямба, ням гарагт хоёр талд цахимаар хуралдсан Ардчилсан нам тус тусын нэр дэвшигчээ зарлаж, Үндэсний аудитын хороонд мөрийн хөтөлбөрөө хүргэлээ. М.Тулгат даргатай АН-ын дотоод сунгаанд С.Эрдэнэ тэргүүлсэн бол О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын ҮБХ-ны хурлаар Н.Алтанхуягийг батламжиллаа. 

Өнгөрсөн сард Улсын дээд шүүхээс хоёр талд гарсан Ардчилсан намын аль алиных нь дүрмийн өөрчлөлтийг бүртгэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл намын дотооддоо асуудлаа шийд хэмээн буцаасан юм. Олон нийтийн зүгээс Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлахаас өмнө нэгдсэн шийдвэрт хүрэх болов уу гэсэн хүлээлт байсан ч талаар болов. Одоо Сонгуулийн Ерөнхий хороо хоёр нэр дэвшигчээс хэнийг нь хууль ёсныд тооцох вэ гэсэн асуудал үүсээд байна. Бүр Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй ч болох эрсдэлтэй нүүр тулжээ.

ХҮН-д захиалсан нэр дэвшигч 

"Зөв ХҮН электорат" эвсэл 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа нэр дэвшигчээ илгээж байна. Эвслийг бүрдүүлэгч цөм болох Хөдөлмөрийн үндсэн намаас өнгөрсөн жил "Ерөнхийлөгчөө захиалъя" аяныг эхлүүлж  17 мянга гаруй иргэний санал авчээ. Иргэдээс  Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой гэж үзсэн 141 хүнийг санал болгосноос таван хүнийг сонгон "Зөв ХҮН электорат" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх сунгаанд оролцохыг урьжээ. Тэднээс гурав нь буюу нийтлэлч Баабар (Б.Бат-Эрдэнэ), их эмч Б.Болдсайхан, УИХ-ын гишүүн асан Д.Энхбат нар сунгаанд оролцож Д.Энхбат илүүрхлээ.  "Зөв ХҮН электорат" эвслийн зүгээс нэр дэвшигчдэд эрдэм мэдлэгтэй, хийсэн ажилтай, хар мөргүй хүн байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг тавьсан гэдгийг намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлж буй. 

Тэрээр "Нэр дэвшигчээ тодруулахааа оюун санааны удирдагч байж, дэлхийн 200 гаруй улсад 7.5 хүний зах зээлд монголчуудыг төлөөлөх хамгийн сайн дипломатч, нэгтгэгч байна гэсэн итгэлээр шийдвэрээ гаргасан. Эрүүл нийгмийг хүссэн, хуулийн өмнө шударга байдаг зөв хүнийг улс төрийн намууд сонгон дэвшүүлдэг байгаасай гэж хүсэж байна" гэсэн юм.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо. Сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нам, эвсэл нь өнөөдрөөс эхлэн гурав хоногт багтаан нэр дэвшигчийн баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх учиртай. Улмаар Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 8-ны дотор хуралдаж нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэн тогтоол гаргах юм. 

Төрийн аудитын дээд байгууллага нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг тавдугаар сарын 06-ны өдрөөс өмнө гаргах бөгөөд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлагад нийцээгүй тохиолдолд нэг удаа засах боломж олгосны үндсэн дээр дүгнэлтээ эцэслэн гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ажээ. Харин тавдугаар сарын 24-нд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь олгосноор сурталчилгаа эхэлж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх албан ёсоор нээгдэх юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтыг 2021 оны зургаадугаар сарын 9-ны лхагва гарагт орон даяар товлон зарласан. Тэгвэл хилийн чанадад байгаа монгол иргэд 5-р сарын 30, 31-ний өдрүүдэд тухайн орон нутгийн цагаар санал хураалтад оролцоно. 

Сонгууль цар тахлын үетэй зэрэгцэж байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Эх сурвалж: eagle.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна