Монгол Улс ковидын дархлаажуулалтаар дэлхийд тэргүүлэх боломжтой


Хөгжлийн түвшин сайнгүй улс орнууд ковидын эсрэг вакцин нийлүүлэх дарааллын төгсгөлд  эрэмбэлэгдэж байгаа талаар  “Эмнести Интернэшнл” зэрэг хүний эрхийн байгууллагууд анхааруулсаар байгаа.

Тэгвэл  “Our World in Data"-гаас 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр зарласан мэдээллээр  Монгол Улс вакцинжуулалтаар Азид тэргүүлж буй бол “The New York Times”-ын тавдугаар сарын 1-нд шинэчилсэн дата мэдээллээс харахад  ковидын эсрэг дархлаажуулалтаар дэлхийд 19 дүгээрт жагсаж байна.

Дэлхийн 200 гаруй улс орны хувьд  коронавируст цар тахлын эрсдэлийг бууруулах үндсэн гол гарц болох вакцинд хэрхэн яаж иргэдээ хамруулах вэ гэдэг шийдэл хүлээсэн асуудлыг шийдэхэд хэцүү байгаа энэ үед Монгол Улс ийнхүү дархлаажуулалтыг амжилттай үргэлжлүүлж байгаа нь төр, засгийн зүгээс цаг алдахгүй, маневртай арга хэмжээнүүд авч буйтай холбоотой юм.

Сануулахад, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдож, кабинетаа бүрдүүлснийхээ дараахан буюу 2021 оны нэгдүгээр сарын 29-нд хийж, хэрэгжүүлэх дөрвөн зорилтоо танилцуулахдаа "Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана" гэж байсан билээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын 18-аас дээш насны 947,529 иргэн вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн бол 451,063 иргэн хоёрдугаар тунг хийлгүүлээд байна. Харин нөөцөд 736,348 вакцин Монгол Улсад байгаа юм. Нийслэлийн иргэдийнхээ олонхыг дархлаажуулсан Засгийн газар орон нутагт дархлаажуулалтыг эрчимжүүлж эхлээд байна. Олон улсын түвшинд үр дүнгээрээ хүлээн зөвшөөрөгдөөд буй Синофарм Вероселл вакцинаар иргэдээ голчлон дарлаажуулж буй билээ.

Вакцины татан авалтад асуудал үүсэж байсан ч хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн дархлаажуулалт өнөөдрийн байдлаар амжилттай явагдаж буйг хүлээн зөвшөөрөх нь зөв биз ээ. Эрэлт нь нийлүүлэлтээсээ хэд дахин давж байгаа вакциныг татан авна гэдэг амаргүй зүйл болохыг улс орнууд хэдийнэ хүлээн зөвшөөрцгөөсөн. Израиль, Их Британи, Чили, Америк зэрэг  улс орнууд вакцинжуулалтыг амжилттай өрнүүлж буй ч ихэнх улс орнуудад вакцинжуулалтад хүн амынхаа  10 хувиас бага хэсгийг хамруулж амжаад буйг статистик мэдээллүүд тодорхой харуулж буй.

Ялангуяа эхэнд хэлсэнчлэн хөгжлийн түвшин тааруу улс орнуудын хувьд ковидын вакцин олж авна гэдэг амаргүй байна. Цар тахлыг хумих вакцин олж авна гэдэг улс орнуудын хувьд засаглалыг шалгаж буй шалгуур болж байна гэхэд хэтрүүлсэн болохгүй.  Монголын Засгийн газрын хувьд вакцин татан авах асуудалд зөв зүйтэй шийдвэрүүдийг гаргаж, ОХУ, БНХАУ, БНЭУ, БНСУ-д үйлдвэрлэсэн нийт 8.8 сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулж чадсаныг тодотгоё. Түүнчлэн төр, засгийн зүгээс цар тахал өвчнийг даван туулах вакциныг ийнхүү эх орондоо татан авч чадаж буй энэ үед  насанд хүрсэн иргэн бүр ухамсартай байж, дархлаажуулалтад хамрагдах нь чухал байна.

Цаашлаад хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах асуудлыг  Засгийн газар анхааран, ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгч байна. Энэ эрч, хурдаараа, хаа хаанаа ажиллаж, иргэн бүр вакцинд цаг алдалгүй хамрагдаад байвал Монгол Улс дархлаажуулалтаар ТЭРГҮҮЛЭХ боломжтой юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна