БНАСАУ 2022 онд Катарт болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ БНСУ-д зохион байгуулагдах урьдчилсан шатны тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдсэнийг Солонгосын хөл бөмбөгийн холбоо даваа гарагт уламжилжээ.
Тодруулбал, БНАСАУ-ын хөл бөмбөгийн холбоо БНСУ-д ирэх зургаадугаар сард болох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцохгүй байхыг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн албан бичгийг Азийн хөл бөмбөгийн холбоонд өнгөрсөн баасан гарагт хүргүүлсэн байна.
БНАСАУ-ын хөл бөмбөгийн холбоо БНСУ руу зорчихгүй байх шийдвэрийг гаргах болсон шалтгаандаа коронавирусний халдвараас эмээж буйгаа дурджээ.
Азийн хөл бөмбөгийн холбоо “H” хэсгийн үлдсэн тоглолтуудыг БНСУ-д зохион байгуулахаар болсныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийг гарснаас хойш БНАСАУ хэсгийнхээ хоёр дахь тоглолтод оролцох нь олны анхаарлыг ихэд татаж байжээ.
Хоёр Солонгос 2019 оны 10 дугаар сарын 15-нд “H” хэсгийн эхний тоглолтоо Пёньян хот дахь Ким Ир Сений нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд танхимын үзэгчгүйгээр явуулж, тоглолт 0-0 онооны харьцаатайгаар өндөрлөсөн юм.
БНСУ-ын шигшээ баг зургаадугаар сарын 3-нд Туркменистан, 7-нд БНАСАУ, 11-нд Шри-Ланка, 15-нд Ливаны багийн эсрэг тоглоно.
“Азийн хөл бөмбөгийн холбоо БНАСАУ-аас шийдвэрээ эргэн харахыг хүсэх төлөвтэй байна” гэж Солонгосын хөл бөмбөгийн холбооны төлөөлөгч мэдээлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна