Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын “улаан” түвшинг энэ сарын 8-наас ирэх сарын 5 хүртэл "улбар шар" руу буулгахаар шийдвэрлэжээ.
Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар танилцууллаа. Өнөөдөр УОК хуралдаж, "улбар шар" түвшинд ажиллах дэглэм журмыг нарийн тогтоох аж.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, “Одоогоор вакцинд хамрагдах ёстой хүн амын 55 хувь нь эхний тун, 26 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байна. ХӨСҮТ-ийн засвар үйлчилгээ, шаардлагатай тоног төхөөрөмжийг авахад зориулж 3,2 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Цаашдаа вакцинжуулалтыг эрчимжүүлж, нэг өдрийн өмнө ч болтугай хэвийн амьдралд шилжихийг Засгийн газар зорьж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын насанд хүрсэн нийт хүн амыг энэ сарын 8-ны дотор эхний тунд, 6 дугаар сард орон нутгийн иргэдийг нэг, хоёрдугаар тунг хийж дуусгах юм. Дархлаажуулалтын ажлыг дуусгахад иргэдийн оролцоо чухал. Иргэн дархлаажуулалтад хамрагдахгүй бол өөрөө ч, гэр бүлээ ч эрсдэлд оруулж, халдварын тархалтыг хумих улс орны том зорилтод сөргөөр нөлөөлнө” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна