Монгол Улсад ирэх долоо хоногт коронавируст халдварын тоо өсөх магадлалтай байгааг УОК-ын дэргэдэх Судалгаа, шинжилгээ, эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн мэдээлэв.
Өнгөрсөн сарын 10-наас хөл хорио тогтоогоогүй бол энэ сарын сүүлээр өдөрт илрэх халдварын тоо 2500-3000-д хүрэх байсан гэдгийг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцлов. Харин хөл хорио тогтоосноор тархалт 1000 гаруй байсан. Түүнчлэн автозамын түгжрэл бага байсан тул халдварын ойрын болон дам хавьтлыг хайх, илрүүлэх ажлын явц 30-40 хувь сайжирсан гэдгийг онцоллоо.
Тэрбээр, “Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол энэ оны есдүгээр сарын 1 гэхэд батлагдсан тохиолдол 190-200 мянгад хүрэх эрсдэлтэй гэсэн тооцоолол бий. Хөл хориог сулруулж, зарим төрлийн үйл ажиллагаа эхэлснээр ирэх долоо хоногт өдөрт илрэх тохиолдлын тоо өсөх магадлалтай. Цаашид 50 орчим мянган хүнээс халдвар илрэх магадлалтай гэсэн тооцоолол бий. Гэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж, вакцинжуулалтын ажлыг амжилттай зохион байгуулснаар энэ тоог бууруулах боломж бий. Насанд хүрсэн хүн амаа 7 дугаар сарын 1-ний дотор вакцинжуулж чадвал, энэ оны наймдугаар сар гэхэд өдөрт илрэх тохиолдлын тоо 90 хувиар буурна хэмээн тооцоолсон” гэв.
Түүнчлэн тэрбээр албан байгууллагуудыг ажилтнуудаа хоёроос гурван ээлжинд шилжүүлэхийг зөвлөв. Ингэхдээ нэг ээлжийг албан байгууллага дээрээ 5 хоног, гэрээсээ 5-10 хоног ажиллуулах нь ажлын байранд халдвар тархах эрсдэлийг бууруулна хэмээн зөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, ажиллаж байхдаа халдвар авбал гэрээсээ ажиллах үед нь өвчний нууц үе дуусан, халдвар илэрч, ажлын байраа эрсдэлээс хамгаалах боломжтой гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна