Франц улс коронавирусын шинэ хувилбаруудын эсрэг “AstraZeneca” компанийн вакциныг хэрэглэх төлөвлөгөөгүй байна.
“Хямралаас гарахад тус болж байгаа тул бид энэ вакциныг үргэлжлүүлэн хэрэглэж байна. Гэвч шинэ хувилбаруудтай тэмцэхэд бидэнд илүү үр дүнтэй өөр вакцинууд хэрэгтэй” гэж Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Страсбург хотод сэтгүүлчдэд мэдэгджээ.
Макрон 2021 оны хоёрдугаар хагаст “AstraZeneca”-гийн вакциныг нийлүүлэх гэрээг сунгахгүй байх ЕХ-ны төлөөлөгчдийн шийдвэрийг ийнхүү дэмжсэн байна. Өнгөрсөн сард Европын Комисс “AstraZeneca” компанийг вакцины урьдчилсан захиалгын гэрээг биелүүлээгүй гэж шүүхэд өгсөн юм. Гэрээний дагуу энэ оны эхний улиралд тус компани 120 сая тун вакцин нийлүүлэх ёстой байсан боловч ердөө 40 орчим сая тунг нийлүүлжээ. Үүний улмаас ЕХ-ны хэд хэдэн оронд энэ оны эхний саруудад вакцинжуулах кампанит ажил тасалдсан байна.
Их Британи-Шведийн “AstraZeneca” компани нь бүр 2020 оны хоёрдугаар хагаст Европын Комиссоос 2.3 тэрбум тун вакцины урьдчилсан захиалга авсан барууны эм үйлдвэрлэгч зургаан компанийн нэг юм. Европын Комисс тус компанитай вакцин зах зээлд гарахаас өмнө өнгөрсөн оны наймдугаар сард 400 сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулж, 336 сая еврогийн урьдчилгаа төлбөрийг хийжээ.
Эх сурвалж: montsame.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна