Д.Энхбатын хувьд 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшиж байгаа юм. Тэрбээр өөрийн цахим хуудсанд Соросын сангийн талаар нийтэлсэн юм.
"Соросын сан Монголд чухам ямар муу зүйл хийснийг би мэддэггүй юм. Мөн асуухад мэдэх хүн ч олддоггүй. Энэ сан хөдөөгийн олон арван сургууль, багш нарт дэмжлэг, тэтгэлэг өгч, байр, номын санг янзалж, Интернэтэд холбож ажилласныг би мэднэ. Яагаад гэвэл бид тэр төслүүд дээр ажиллаж байсан. Энэ бол Монголд хүнд хэцүү байсан 2000-аад он. Мөн Соросын сан манай Их дээд сургуулиудын нийгмийн ухааны сургалтын талаар онцгойлон анхаарч өнөөдөр бидний уншаад, иш татаад байдаг хүний эрх, ардчилал, чөлөөт ЭЗ, либерал соёлын олон классик номуудыг монгол хэл рүү орчуулах ажлуудыг дэмжсэн байдаг.
Тийм ээ, Соросын сан бол коммунизмын эсрэг үйл ажиллагаагаараа олонд их танигдаж ирсэн сан. Тийм учир дарангуйлалтай орнуудад их муу хэлэгддэг, заримаас нь хөөгдсөн ч байдаг. Гэхдээ тэд Монголд УТ-ийн ямар ч үйл ажиллагаа эрхэлдэггүй, зөвхөн нээлттэй нийгмийн төлөө болон боловсролтой иргэд, сонгогчдын төлөө, хөдөөг хөгжүүлэх гм төслүүдийг эрхэлж байгаад аажмаар үйл ажиллагаагаа өөрсдөө санаачлан хумиж ирсэн байдаг. Учир нь тэд Монголыг ардчилалд шилжсэн, монголчууд коммунизмдаа эргэж орохгүй гэж хардаг болсон байх.
Соросын сан Монголд чөлөөт хэвлэл, мэдээллийн олон төсөл хэрэгжүүлж, олон сэтгүүлч, УТ-чдийг сургасан байдаг. Миний мэдэхийн, МАН, АН-ы болон бусад намын олон арван УТ-чид, УИХГ-ийг ардчилал, хүний эрх, чөлөөт хэвлэлийн гадаад, дотоодын сургалтад хамруулсан юм. Тэдгээр төслийн нэг нь МҮОНРТ-ийг хөл дээрээ босоход дэмжлэг үзүүлсэн явдал юм. Тэр хамтын ажиллагааны хүрээнд бид ФОРУМ нэвтрүүлгээ хийсэн. Бидний хамт олон одоо ч энэ нэвтрүүлгээрээ бахархдаг. Энэ нэвтрүүлгээ бид Монголын иргэний нийгмийн хөгжилд оруулсан өөрсдийн сэтгэл, зүтгэлийн хувь нэмрээ гэж боддог.
Соросын сангийн сүүлийн 15 жилийн үйл ажиллагааны талаар би сайн мэдэхгүй. Та бүхэн сонирхвол www.forum.mn хаягаар зочилж өөрсдөө сайн үзээрэй.
Эцэст нь хэлэхэд, энэ сангийн тухай бүх хараал, яриа бол Оросын хэвлэлийн нөлөө, цуурай юм бнаа гэж би хардаг. Гэтэл Орос, Монгол хоёр бол ардчилал, хүний эрх, чөлөөт нээлттэй нийгмийн үзэл бодлын талаар яг адил улсууд огт биш шүү дээ." гэлээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна