Зүүн болон зүүн хойд хэсэгт халдварт өвчин дахин дэгдсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын эрх баригчид вакцинжуулалтыг эрчимжүүлж, одоогоор 393 сая орчим хүн вакцинд хамрагдаад байгаа аж.
БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны мэдээлснээр, тус улсад өдөрт 12 сая орчим хүн вакцин хийлгэж байна. Нэг сарын өмнө энэ үзүүлэлт гурав дахин бага буюу 4 сая орчим байжээ.
Орон нутагт илэрсэн халдварын хэд хэдэн тохиолдол сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд анх удаа бүртгэгдсэн тухай Хятадын халдварт өвчинд хяналт тавих байгууллага мэдээлсэн байна. Халдварын тохиолдлууд зүүн Аньхуй муж, зүүн хойд Ляонин мужид илэрчээ. Тийнхүү халдварт өвчин дахин дэгдэж болзошгүй байгаатай холбогдуулан суурьшлын 13 бүсэд цар тахлын аюулын түвшнийг нэмэгдүүлээд байгаа аж.
"Хуаньцю шибао" сонины мэдээлснээр, халдварт өвчин дахин дэгдсэн тухай мэдээлсний дараа олон хүн вакцинжуулалтын цэгүүдийг зорих болсон гэжээ.
Хятад улсад хүн амаа вакцинаар хангах кампанит ажлыг 12 дугаар сард эхлүүлж, хүрээгээ тэлсээр байна. Эрх баригчид 4 дүгээр сард 126 сая гаруй тун вакциныг оршин суугчдад хуваарилсан бол 5 дугаар сар гэхэд энэ үзүүлэлт 270 сая гаруй болж нэмэгджээ. Тус улсад зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн болсон коронавирусын таван вакциныг гарган авсан юм. Үүнээс гадна эмийн компаниуд шинэ вакцинуудын эмнэлзүйн туршилтыг явуулж байна.
Засгийн газар 6 дугаар сар гэхэд нийт 1.4 тэрбум хүн амын 40 орчим хувь буюу 560 саяыг нь вакцинжуулсан байх боломжтой гэж Хятадын тархвар судлаач Жун Наньшань өмнө нь мэдэгдсэн юм.
Эх сурвалж: montsame.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна