Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Испанийн агаарын цэргийн хүчин Атлантын далайд жолоодлогоо алдан урсгалаараа хөвж буй нэгэн жижигхэн завь олж харжээ. Завин дээр арай ядан амьд яваа гурван хүн байгааг мэдсэн байна. Харин бусад 56 цагаач өлсгөлөнгөөр нас барсан байв.
Мавританиас Испанийн эрэг рүү чиглэн нийт 59 цагаач замд гарчээ. Тэдний дунд 17 настай Кот-д’Ивуарын иргэн Аиша сууж явсан байна. Испанийн агаарын цэргийн хүчин завийг олоход Аишагийн бие маш хүнд байдалтай байсан бөгөөд түүнийг Тенерифе арлын эмнэлэгт хүргэжээ.
Биеийн байдал нь сайжирсны дараа тэрээр аврагчдын хамт өөрийн түүхээсээ хуваалцсан байна. Гурван цагаачийг аврахаар цэргийн нисдэг тэрэг илгээжээ. Испанийн агаарын цэргийн хүчний алба хаагч Фернандо Родригез "Доош буугаад бид нөхцөл байдал сайнгүй байгааг ойлгосон" гэв. Алба хаагч Кристина Юсто "Тэд үнэхээр хүнд байдалтай байсан. Миний мэдэхээр завь нь жолоодлогогүй болоод 22 хоносон юм билээ" гэжээ.
Аиша охин "Замд гарснаас хоёр хоногийн дараа л бидний хүнс, цэвэр ус дуусчихсан. Дөрөв хоногийн дараа завины түлш дууссан. Эхэндээ биднийг авраасай гэж залбирч байлаа. Сүүлдээ тийм ч тэнхэлгүй болсон. Цогцсуудыг урсгах ч тэнхэл байгаагүй" гэсэн байна.
Аишаг аварснаас хойш 10 хоногийн дараа түрүүч Хуан Карлос Серрано түүнийг гэр бүлийнхэнтэйгээ танилцуулж, түүнд туслах хүсэлтэй байгаагаа хэлжээ. "Бид чамд туслахдаа баяртай байх болно. Хэрвээ хүсвэл манайд үлдэж болно шүү" гэжээ. Хариуд нь "Аиша, та бүхэндээ маш их баярлалаа. Би гэр бүлтэй болчихсон мэт л санагдаж байна" гэсэн байна.
Нас барсан цагаачдыг Тенерифе арлын Санта Крус дахь оршуулгын газарт оршуулжээ.
Эх сурвалж: ВВС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна