Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Улсын дээд шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргаад буй. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан уг хэргийн хохирогчийн талын байр суурийг хүргэж байна. Бид С.Зориг агсны төрсөн дүү С.Оюунтай холбогдсон бөгөөд түүний хувьд гадаадад удаан хугацаагаар ажиллаж байгаа аж.
-Сайн байна уу. Энэ сарын 14-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхээс С.Зориг агсны хэргээр ял эдэлж байсан хоёр хүнийг батлан даалтад гаргах шийдвэр гаргалаа. Талийгаачийн ар гэрийнхний хувьд энэ үйл явдалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Сайн байна уу. Энэ талаар би С.Баяраа ахтайгаа зөвлөлдөж байгаад байр сууриа товчхон илэрхийлнэ гэж бодож байгаа. Өнгөрсөн хугацаанд хохирогчийн талаас анхан шатны шүүхийн дараа мэдэгдэл гаргаж байсан. Мөн өнгөрөгч дөрөвдүгээр сард байр сууриа илэрхийлсэн.
-Анхан шатны шүүхийн шийдвэр гарахад тухайн үед шүүхийн шийдвэрт эргэлзэж байгаагаа та илэрхийлсэн байдаг?
-Тийм ээ. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд мэдэгдэл гаргаж байсан. Тухайн үед хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх хуралдааныг хаалттай явуулсан. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс нийслэлийн Хяналтын прокурорт хандан гаргаж байсан. Мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль, аль нь хүлээж аваагүй байдаг.
С.Оюун: Хэрэг шүүхээр шийдвэрлэгдэхэд л би эргэлзэж байгаагаа хэлж байсан
Тиймээс ч анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг тэр шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байсан.
-Өнгөрсөн сард энэ хэрэгтэй холбоотой материалыг бүхэлд нь төрийн нууцаас гаргахаар шийдвэрлэсэн. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас хэргийн материалыг бүхэлд нь төрийн нууцаас гаргаж нээлттэй болгохоор шийдвэрлэсэн нь зөв зүйтэй алхам боллоо гэж талийгаачийн ар гэр бид үзэж байна.
Өнгөрсөн хугацаанд хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх ажиллагааг бүх шатанд хаалттай явуулсныг бид анхнаас нь эсэргүүцэж, энэ үндэслэлээр шүүх хурлуудад зөвхөн өмгөөлөгчөө оролцуулж, хохирогч бид оролцоогүй. Бид хэргийн материалыг нууцаас гаргахыг шаардаж, прокурор, шүүх, УИХ зэрэг төрийн байгууллагуудад удаа дараа хандаж байсан боловч аль нь ч нааштай шийдвэрлэж байгаагүй.
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт ч ихээхэн эргэлзэж байгаагаа дээр дурдсан. Одоог болтол хэргийг шийдвэрлээгүй, үнэн мөнийг тогтоогоогүй байгаа гэж талийгаачийн ар гэр бидний зүгээс үзэж байна.
Хэргийг илрүүлээгүйгээр барахгүй гэм зэмгүй хүмүүсийг хилсээр шийтгэсэнд бид маш их харамсдаг, цаашид ч гэсэн энэ хэргийн улмаас хэн нэгэн хэлмэгдэх ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байдаг юм.
Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илрээсэй хэмээн энэ олон жил бидэнтэй хамт байсан Монгол түмэндээ талархаж байгаагаа уламжилж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна