2031 онд Монгол Улсын хүн ам дөрвөн сая хүрэх магадлалтай

Өчигдөр 16 цаг 08 минут

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнтэй танилцлаа. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнгээр нийт хүн ам 3.296.866, үүнээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй 3.197.020, зургаагаас дээш сарын хугацаатайгаар гадаад улс оронд амьдарсан Монгол Улсын иргэдийн тоо 122.301 байгаа юм байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 2010-2020 оны тооллогын жилд 2.2 хувийн өсөлттэй байгаа ажээ. Манай улсын хэмжээнд хүн амын өсөлтийн оргил үе нь 1979-1989 онд 2.9 хувь, хамгийн бага нь 1935-1944 онд 0.3 хувь байжээ. Үндэсний статистикийн хорооноос 2015 онд гаргасан хүн амын хэтийн тооцоогоор 2031 онд Монгол Улсын хүн ам дөрвөн сая хүрэх магадлалтай юм байна.

Нийт хүн амыг нас, хүйсийн бүтцээр ангилвал 56.6 хувь нь 18-59 насных, хүн ам зүйн ачаалал буюу хөдөлмөрийн насны хүнд ноогдох 18-аас доош насны болон 60-аас дээш насны хүн амын хувь бол 55.3 хувь байгаа аж. Хүн амын дундаж нас 27.9 байгаа бол суурьшилтаар нь ангилвал нийт хүн амын 68 хувь нь хот, сууринд, 32 хувь нь хөдөө, түүнчлэн нийслэлд 1.466.125 хүн аж төрдөг байна.

Гадаад улсад аж төрж буй иргэдийн 34.2 хувь нь суралцах зорилготой байгаа бол 20.6 хувь нь ажиллах, 12.6 хувь нь гэр бүлийн шалтгаанаар, 11.7 хувь нь суурьших, 10.4 хувь нь хөдөлмөрийн гэрээгээр, нэг хувь нь албан томилолтоор амьдарч байгаа. Харин 9.5 хувь нь бусад шалтгаанаар гадаад улсад амьдарч байгаа гэх дүн мэдээлэл гарчээ.

Нийт өрхийн тоо 897.427 байгаа бол үүний 60.9 хувь нь байшин орон сууцанд, үүн дотроо орон сууцанд амьдардаг нь 29.4 хувь юм байна. 342.409 буюу нийт өрхийн 38.2 хувь нь гэрт, 8.039 өрх буюу 0.9 хувь нь бусад төрлийн сууцанд амьдардаг гэх дүн мэдээ гарчээ. Улсын хэмжээнд нийт өрхийн 8.4 хувь нь буюу 74.8 мянган өрх өөрийн гэсэн сууцгүй, эдгээрийн 80 орчим хувь нь хотод амьдардаг байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна