Төрийн алба ажин түжин үү?

8 цаг 10 минутын өмнө

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болмогцоо “Төрийн өмчийн байгууллагыг анхаарч ажиллана. Хувийн хэвшлийн 30 хүний хийх ажлыг төрийн өмчит байгууллага 100 хүнээр хийдэг байдал өнөөдрийг хүртэл байсан. Энэ асуудлыг анхаарахгүй бол болохгүй” гэсэн нь олны анхаарлыг татсан. Цахим засаглалыг хөгжүүлж, төрийн нүсэр бүтцийг ухаалаг, төсөрхөн бүтэцтэй болгох нь иргэдэд хамгийн их таалагдсан билээ.

Ерөнхий сайдын эл үг төрийн албаныханд харин айдас төрүүлсэн юм. Хэлээд байгаачлан хувийн хэвшилтэй харицуулахад огтхон ч ачаалалгүй, иргэдийн төрийн үйлчилгээг шуурхай хүргэх гэхээсээ сунжруулах, иргэдийг чирэгдүүлэх шат дамжлага болдог албан тушаалууд хамгийн түрүүнд үгүй болох ёстой билээ. Тиймээс л олон нийт алга ташин хүлээн авсан хэрэг.

Цар тахлын үед хэрэгжүүлж буй хуулиар Төрийн албаны зөвлөлөөс илүүтэй албан тушаалтнууд ажиллах хүнээ өөрийн дур зоргоор сонгож байна. Нэгэнтэй Төрийн албаны зөвлөл оролцоогүй болохоор төрийн албанд хэрхэн томилгоо хийж, ямар өөрчлөлт орж байгааг мэдэх нэгдсэн тоон судалгаа алга.

Энэ тухай мэдэгдэж буй ганцхан тоон мэдээлэл нь нийтийн албанд томилогдохоор АТГ-т шалгуулж явдал юм.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь тавдугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 115 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, 118 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 67 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Долоо хоног болгон л энэ мэт тоон үзүүлэлт гаргаад байгаагийн цаана төрийн албанд ямар халаа, сэлгээ яваад буйг бүдэг бадаг харуулах аж.

Гэхдээ хаана, хэн хэрхэн томилогдоод буйг үнэндээ мэдэх боломж алга.

Өөр нэгэн тоон үзүүлэлтээс харвал цар тахал төрийн албаны халаа сэлгээг тойрсонгүй. Өнгөрсөн 2020 онд нийгмийн даатгалын сангийн ажилгүйдлийн даатгалын сангаас нийт 21 мянга 400 орчим даатгуулагч  50.2 тэрбум төгрөгийн тэтгэмж авжээ. Энэ тоог 2019 онтой харьцуулахад 1600 гаруй датгаалгуулагчаар буурсан хэдий ч олгосон тэтгэмжийн дүн 6.7 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Хүний тоо буурсан ч, авч буй тэтгэмж өссөн өндөр цалин авагчид байсных болов уу?

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад өнгөрсөн оны 11,12 дугаар сард 12.2 мянган хүн шинээр бүртгүүлснээс 6.8 мянга нь буюу 55.7% хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэн байна.

Ингээд харвал төрийн албанд чимээгүйхэн ямар их хөдөлгөөн ороод буй нь харагдана.

Дээр нь албан тушаалаасаа үндэслэлгүйгээр халагдсан гэх шалтгаанаар шүүхдэж буй иргэдийг нэмбэл халаа сэлгээнээс үүдсэн нөхөн олговор төсвийн данснаас хэр их хэмжээгээр гарч буйг хэлээд өгнө.

ТӨРИЙН АЛБАНЫ МАРГААН

 

2018 он

2019 он

2020 он

2021 он 1 улирал

Нийт

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн төрийн албаны маргаан

335

272

199

51

857

Үүнээс ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан

174

157

52

35

418

 

Ийм шалтгаанаар төсвөөс 5 гаруй тэрбум төгрөг Н.Алтанхуягийн Засгийн газар унасны дараа өрнөсөн халаа, сэлгээнээс болж  Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гарч байсан мэдээлэл бий.

Цар тахлын үед хэрэгжүүлж буй хуулийн зохицуулалт дуусаж, Төрийн албаны зөвлөл өөрсдийн ажлаа хийдэг болсон цагт төрийн албаны томилгоо, халаа, сэлгээний бодит зураг харагдах нь.

АТГ-ын дөрөвдүгээр сард хүлээн авсан нийт 183 өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь шат шатны Засаг даргын Тамгын газартай холбоотой гомдол ирж байгаа бөгөөд хүний нөөцийн томилгоо, төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаа, төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой зөрчил хамгийн түгээмэл байгаа аж. Нутгийн удирдлагын салбартай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийн 34 нь гэмт хэргийн шинжтэй, 19 нь ашиг сонирхлын зөрчил болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой байна.  

Тиймээс төрийн алба ажин түжин гэхэд хэцүү аж. Ерөнхий сайд ч өөрөө энэ талаар мэдээлэлгүй байгаа болов уу?

Эх сурвалж: eagle.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна