Д.Энхбатийн сонгуулийн сурталчилгааны нээлтэд хэлсэн үг бүрэн эхээрээ


Сайн байцгаана уу? Намайг дэмжихээр хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ийнхүү эхэлж байна. Манай баг албан өрөө, гоё талбай, хурлын танхим, бичлэгийн студиэс сурталчилгаагаа эхлүүлсэнгүй. Шийдэх ёстой асуудлынхаа голомтон дээрээс, эгэл жирийн иргэдийнхээ өдөр тутам туулдаг зам дээрээс бид сурталчилгаагаа эхлүүлж байна.

Энэ сонгуульд бусад нь амлалт дүүрэн оролцож байж магадгүй юм. Харин амлалт сонсохоос өмнө асуулт асуух ёстой өдөр гэж бид бодож байна.

Сүүлийн хэдэн жил өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж буй Монгол орны тухай эрх баригч нар маань ярьлаа. Тэдний амлалт бүтдэг бол Улаанбаатарынхан өнөөдөр бүгд орон сууцанд орж, ажилдаа метрогоор зорчиж байгаа. Тэдний ам ажил зөрдөггүй сэн бол аймгийн төвүүдэд үйлдвэрүүд сүндэрлэж, малчид маань өнөөдөр банкны барьцаан дахь хэдэн ямаанаасаа ноолуур гарахыг хүлээж суухгүй л байх. Тэдний ярьдаг биелдэг бол хэний хүн миний ажлыг авах бол гэж төрийн албан хаагчид маань сонгууль бүрийн дараа сэмхэн түгшиж суухаа больсон байх ёстой.

Тэгвэл би асууж байна. Бид асууж байна. Монголын төрийг ээлжлэн удирдсан намуудын дарга нараас асууж байна. Нам бус, дарга бус, эгэл жирийн иргэдийнхээ өмнөөс асууж байгаа юм. Маш энгийн хэдхэн асуулт…

  • Гэр хороололд хөгжил дэвшил, хүний наад захын хэрэглээ, тохижилт хэзээ очих юм бэ?
  • Орон сууцанд орох гэдэг иргэдийн маань мөрөөдөл хэзээ биелэх вэ?
  • Ингэхэд Дарханы зам хэзээ орох юм бэ?
  • Монгол улс модон жорлонгоосоо хэзээ салах вэ?
  • Хэзээ болтол малчид нь ноолуурын үнэ, улс нь нүүрсний үнээс хамаарч амьдрах вэ?
  • Гэснээс орон сууцанд халуун ус хэзээ ирэх вэ?

“ХЭЗЭЭ?” гэдэг ийм энгийн асуултад бултаж булзааруулахгүй хариулж чаддаг төртэй байхын тулд Хөдөлмөрийн Үндэсний Нам “Ерөнхийлөгчөө захиалъя” хөдөлгөөнийг орон даяар, иргэн бүхэндээ нээлттэй зохион байгуулсан юм. Ийм шинэлэг санаачилга, иргэдийн захиалгын үр дүнд НАМ БУС би энэ сонгуульд нэр дэвшиж байна. Нэг нам бус нийт олныхоо төлөө зүтгэдэг Ерөнхийлөгч хэрэгтэй учраас иргэн Д.Энхбат би нэр дэвшиж байна. Улс төрчдийн наймаа, тохироо биш инженер хүний эрүүл тооцоо энэ төрд хэрэгтэй гэж боддог учраас инженер Д.Энхбат би нэр дэвшиж байна.

 

Тэд “Монгол улсын төлөө зүтгэе” гэсэн. Эргээд харахад, ээлжлэн эрх барьсан бүлэглэлүүд Монгол улсын төлөө бус, намынхаа төлөө ч бус, намын орой дээр байдаг хэдхэн даргын төлөө зүтгэсэн байна. Тэд “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэсэн. Өөрсдөө л хүн шиг, бүр хүнээс илүү амьдралд хүрсэн байна. Чадлаараа, мөрөөрөө амьдралаа залгуулж яваа малчин, тариаланч, худалдаачин, бизнесмен, төрийн албан хаагчдад тэгвэл юу үлдэв? Та бидэнд ӨР үлдэж байна. Эрх баригчид өөрсдөө өрмийг нь авч идчихээд, иргэддээ хусмыг нь тараахдаа өрийн данс л зузаалжээ. Яг л жирийн иргэн жижиг дэлгүүрт  өр гээд нэрээ бичүүлж үмх мах авдаг шиг. Хүртэх ёстойг маань өгөхдөө өр болгон бичиж байгаа нь даанч муухай байна.

Өнөөдөр Монгол улс маш их хэмжээний гадаад өртэй. Төлж чадахгүй зээлийг өр гэдэг. Нүүрс дуусахаар монголчууд юугаа зарж амьдрах вэ? Зэс, алт, ноолуурын үнэ буухаар яах вэ? Найрлаж дуусаад шартах шиг дайрч ирэх маргаашийн тэр хүнд өдрийг Монгол улс яаж давах вэ? Өр тавиад өнөөдрийг аргалж болох ч үр хүүхдийнхээ маргаашийг бид мартаж болохгүй. Дахин хэлье, хүртэх ёстойг маань өгөхдөө өр болгон бичиж байгаа нь даанч муухай байна.

Амлалт дүүрэн эрх баригчид ба асуулт дүүрэн ард түмэн бол манай Монголын өр өвдмөөр бодит байдал, өнөөдрийн үнэн маань юм.

Тэгвэл бид Танд юу амлаж чадах вэ? Мөрийн хөтөлбөр, түүний заалтуудын хүрээнд хэрэгжүүлэх гол ажлуудаас хэдхэн зүйлийг онцолж хэлье.

  • Монгол малчин айл хаана байгаагаас үл хамааран интернэттэй, дататай боло х гарцыг санаачилна. Малчин хүн хотноосоо дэлхийн борлуулалт хийх цаг ирнэ. МОНГОЛ малчид ЧАДНА.
  • Популизм дээр биш технологи дээр суурилсан эдийн засгийн бодлогыг дэмжинэ. Жил бүр 1000 залуусыг технологийн салбарт бэлдэх чиглэлээр ажиллана. МОНГОЛ инженерүүд, сэхээтнүүд ЧАДНА.
  • Аймаг, сум, хороо, дүүрэг бүрт сургалтын орчин бий болгоно. Жилд 10 000 залуус англи хэл сурах цахим хөтөлбөр санаачлан хэрэгжүүлнэ. МОНГОЛ залуус ЧАДНА.
  • Би эрх мэдэл цуглуулдаг, булаацалддаг ерөнхийлөгч болохгүй. Ерөнхийлөгчид хэрэггүй бүрэн эрхээс татгалзах шинэтгэлийг санаачлан ажиллана. МОНГОЛ төр, МОНГОЛ ерөнхийлөгч чадна.

Энэ бол эн тэргүүнд хийж эхлэх ёстой, үр шимийг нь монгол хүн, Монгол улс тун удахгүй хүртэж эхлэх АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ юм.

Удаж, ухарч, унаж, уруудвал Уганда шиг болох ирээдүй биднийг хүлээж байна. Ухаарч, урагшилж, сэрж, сэтгэж чадвал Финлянд шиг хөгжих боломж бас байна. Алт, гадил, кофе гээд баялгаа экспортлоод байдаг ч ядуурал, өвчлөл, авилгал, хоцрогдолдоо живсэн Уганда бидний ирээдүй биш ээ. Иргэд нь боловсролтой, эдийн засаг нь хүчтэй, эрх чөлөө нь баталгаатай Финлянд бол богино хугацаанд гүйцэж очих ёстой түвшин маань юм.

Адилхан далайд гарцгүй ч Африкийн гүнд живсэн Уганда шиг биш, Азийн цээжинд мандсан Финлянд шиг болцгооё.

МОНГОЛ ЧАДНА. Чадах ч ёстой.

Намын төлөө бус нийт олныхоо төлөө! 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна