Тайванийн засаг захиргаа коронавирусын халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан халдварт өвчний аюулын гуравдугаар түвшинг (дөрөв дэх нь хамгийн өндөр) зургаадугаар сарын 14-нийг хүртэл сунгасан байна.
Тайванийн халдварт өвчинтэй тэмцэх төв штабаас мэдээлснээр, энэ үеэр сургуулиуд хичээллэхгүй. Мөн олон нийтийн байгууллагууд, албан газрууд үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа бөгөөд зөвхөн амин чухал үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагууд үргэлжлүүлэн ажиллана. Халдварт өвчний аюулын гуравдугаар түвшин зарласан үед хүмүүс гэрээсээ гарах бүрдээ амны хаалт зүүх ёстой. Түүнчлэн битүү орчинд таваас дээш хүн цуглах хориотой бол задгай агаарт 10-аас илүүгүй хүн нэг дор цуглаж болно.
Халдварт өвчний аюулын гуравдугаар түвшинд тавдугаар сарын 19-нд шилжжээ. Үүний зэрэгцээ, Тайванийн эрх баригчид арал руу нэвтрэх, оршин суух зөвшөөрөлгүй хүмүүсийг дамжин өнгөрөхийг хориглосон байна.
Сүүлийн үед Тайваньд коронавирусын халдварын байдал эрс муудаж, өдөрт дотооддоо халдвар авсан олон зуун тохиолдол илэрч байгаа юм. Мягмар гаргийн байдлаар 542 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 5456-д хүрсний 4000 гаруй нь тавдугаар сарын 15-наас хойш дотооддоо халдварласан тохиолдлууд аж.
Эх сурвалж: montsame.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна