Аяллын санхүүгээ хэрхэн төлөвлөх вэ?


Санхүү мөнгөний асуудлаа шийдээгүй цагт бид чинь сэтгэл байвч хаашаа хэрхэн аялах билээ? Энэ зун дотооддоо аялалд гарахаар “хатуу шийдсэн” уншигчдадаа зориулан аялалд гарахаасаа өмнө заавал төлөвлөх шаардлагатай зүйлсийн тухай, бас чухам ямар зорилгоор, ямар дурсамж, мэдрэмж хүсэмжлэн аялах гэж байгаагаа сайтар тодорхойлж мартагдагдашгүй аялалд гарахад тань туслахаар нийтлэлүүд бэлтгэн хүргэж байна. Энгийн мэт боловч хамгийн чухал асуултууд биш гэж үү? Гол сэдэв рүү ороход та аяллын санхүүгээ хэрхэн төлөвлөх гэж байна вэ? Хараахан төлөвлөгөө үгүй байгаа бол доорх хувийн туршлагатай танилцаарай.

Хамтын хуримтлал үүсгээрэй

Та бүхэн өмнөх нийтлэлийг маань уншсан бол би энэ зун найзуудтайгаа дотоодын аялалд гарах гэж байгаа юм. Бидний хувьд дотоодын аялал гэдгээс өөр нарийн маршрут байхгүй ч юун түрүүнд мөнгөө хуримтлуулж, мөнгөндөө тааруулан, бас тухайн үеийн нөхцөл байдлаасаа хамааран очих маршрутаа гаргахаар шийдсэн юм. Хамгийн санаачилгатай нэг найз маань хамтын хадгаламжийн данс нээж бид дөрөв сар бүр тодорхой хэмжээний мөнгө зөвхөн аялалдаа зориулан хадгалаад хагас жил болж байна. Хадгаламжаа тогтвортой байлгаж бусдыгаа урамшуулахын тулд групп чатдаа мөнгөө шилжүүлсэн нь screeshot хийж “нотолгоогоо” харуулдаг. Хувийн туршлагаасаа харахад хуримтлалын хэмжээ сар бүр заавал их байх шаардлагагүй бөгөөд ингэснээр хадгаламжаа бодож “дарамтад” орохгүйгээр мөнгөө өлхөөн хадгалаад байх юм билээ. Мэдээж бага хэмжээгээр хуримтлуулах гэж байгаа бол эртнээс төлөвлөөд хадгалж эхлэх хэрэгтэйг та хэлүүлэлтгүй мэдэж буй. Одоо ч оройтоогүй болохоор хамт аялах хүнтэйгээ ярилцаж санхүүгийн төлөвлөгөөгөө ярилцаарай.

Хэмнэх хүсэл зоригтой байх нь

Хамтын хадгаламж нь дундын зардал буюу та, тантай хамт аялагчдын унаа тэрэг, хоол хүнс болон байрлах газартаа зарцуулах нь ойлгомжтой. Харин та аялж яваад өөрт таалагдсан үнэт эдлэл, дурсгалын зүйл, эсвэл гэр бүл, ажлынхандаа нутгийн брэндийн бүтээгдэхүүн авч буцах зэрэг зардлаа хувиасаа гаргаж таарна. Үүний тулд мөн л тоо бага зэрэг тоо бодох шаардлагатай болно. Аялалдаа зориулан хуримтлуулах шалгарсан арга бол хэмнэлт гэдэгтэй бөмбөрцгийн аялагчид дуу нэгтэйгээр санал нийлэх болов уу. Одоогоос 3 сарын дараа аялалд гарахаар зэхэж байгаа бол та сар бүрийн тогтмол орлого, зарлагынхаа задаргааг гаргаж байгаад тийм ч шаардлагатай бус зардлаа танаж, харин хэмнэсэн мөнгөө аяллын хуримтлалдаа нэмэрлээрэй. Өөрийн туршлагаас хуваалцахад би өдөрт кофе худалдаж авах, эсвэл амттан авах мөнгөө хэмнэж байна. Мөн шунал төрж, үнэхээр их авахыг хүсэж байгаа эд хэрэгсэл, хувцсыг авахаасаа өмнө би үүнээс хэд хоноод уйдах бол гэж өөрөөсөө асуудаг болсон. Мэдээж шинэ хувцас хэрэглэлээс удахгүй уйдах нь ойлгомжтой учраас худалдан авалт хийхээ азнаж сурч байна. Ийнхүү кофе ууж, торт авч идсэн, мөн шинэ цамц худалдаж авсан гэж бодоод л мөнгөө хуримтлалдаа хийнэ.

Хэмнэсэн мөнгөөрөө аялна, сайхан дурсамжууд бүтээнэ гэхээр танд сайхан санагдах нь гарцаагүй.

Аяллын санхүүгээ төлөвлөх эдгээр хувийн зөвлөгөөг уншаад нэгэнт оройтсон, аль хэдийн аялах цаг хаяанд ирсэн мэт санагдаж байгаа бол эндүүрч байна шүү. Аяллын санхүүгээ төлөвлөх цаг хангалттай байгаа төдийгүй хуримтлал үүсгэхэд ердөө ч оройтоогүй. 2, 3 сарын дотор хуримтлуулсан, хэмнэсэн мөнгөөрөө эх орондоо аялах зардлынхаа дийлэнх хэсгийг, магадгүй бүгдийг нь бүрдүүлж чадна гэдэгт тань итгэлтэй байна.

Сонирхолтой мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, тэмдэглэл үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна