Нэгдүгээрт хүүхэд


Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэдэг энэ өдрийг манай улс 1952 оноос Хүүхдийн баяр болгон тэмдэглэж ирсэн. 

Цар тахлын улмаас нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул багачууд маань хоёр дахь жилдээ зургаадугаар сарын 1-нийг гэртээ өнгөрүүлж, цахимаар баярлаж таарах нь. Харин томчууд цахим баярыг энэ жил "Нэгдүгээрт ХҮҮХЭД" үндэсний хөдөлгөөн болгон өргөжүүлж нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэрэгцээг дэмжсэн орчин бүрдүүлэх, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэх аяныг санаачилаад буй. 

       Улсын хэмжээнд 2020 онд 3228, 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар 1177 нийт 4415 хүүхдийн эрхийн зөрчил бүртгэгдсэн байна. Хатуу хөл хорионы үед  хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь эрс нэмэгджээ. 2020 оны эхний 11 сарын байдлаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага Баянзүрх дүүрэгт хамгийн өндөр буюу 9082, Сонгинохайрхан дүүрэгт 8721, Чингэлтэй дүүрэгт 3730, Сүхбаатар дүүрэгт 3260 ирсэн байна. 2020 оны 11 дүгээр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 144 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 7.6 дахин өссөн, зөрчлийн тоо 18.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Өнгөрсөн жилийн судалгаагаар цар тахлын үед хүүхэд хамгааллын нөхцөл байдал хүндхэн байгаа зураглалыг гарч байсан. Тухайлбал 200 000 мянган хүүхэдтэй 109 000 орчим гэр бүлд судалгаа хийхэд 19 хувь нь эрсдэлтэй нөхцөлд амьдарч байв.  Эдгээр өрхийн 24.246 хүүхдэд дэмжлэг тусламж шаардлагатай, хоол хүнсний хомсдолтой, тухайн өрхөд байнгын ажлын байртай гишүүн байхгүй, зөвхөн хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийн мөнгөөр амьжиргаа залгаж амьдарч байна.  

Нөгөөтэйгүүр Монголд хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, оролцох, хамгаалуулах эрх зөрчигдөж байгааг хууль хяналтын байгууллагынхан хэлж байна. Хүүхэд төрсөн цагаасаа эрх нь үүсэж байдаг. Монгол хүүхэд бүр агаар, хөрс, ус, дуу чимээний бохирдолгүй газар эсэн мэнд өсөж бойжиж, гэр бүлийн, нийгмийн хүрээнд аюулгүй, дарамт шахалтгүй амьдарч, сурч боловсрох эрхээ бүрэн гүйцэт эдлэх ёстой. 

Хүүхэд бүр зөв амьдралын утга учрыг ойлгон ухаарч зөв хандлага зан зүйлтэй, эрч тэмүүлэлтэй, өрсөлдөх чадвартай иргэн болон төлөвших учиртай. Үүний тулд эцэг эхийн хайр халамж, багш сурган хүмүүжүүлэгчдийн дэмжлэг туслалцаа, чиглүүлэн жолоодох арга ухаан маш чухал. Хүний хөгжлийн анхдагч орчин болсон гэр бүлийн боловсрол, гэр бүлийн үнэт зүйл чухал гэдгийг нийгмээрээ ухааран сэхээрч, ирээдүйн болсон үрсээ хайраар тэтгээрэй.

Өрх гэр бүлд гэрэл гэгээ нэмсэн бяцхан иргэн бүрийг эрүүл, аюулгүй орчинд өсгөхийн төлөө хүүхдийн эрхийг дээдэлье!

Эх сурвалж: eagle.mn 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна