Голын эрэгт хараа хяналтгүй тоглож байсан 29 хүүхдийг эцэг, эхэд хүлээлгэн өгчээ


Нийслэлийн хэмжээнд голын усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан хуваарийн дагуу онцгой байдлын алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн голд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн, иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмжийг хүргэж эхэллээ.

Хөдөлгөөнт эргүүлээр ажилласан алба хаагчид өнөөдөр голын эрэгт хараа хяналтгүй тоглож байсан 29 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч, 162 хүүхдийг голын эргээс холдуулж, 149 тээврийн хэрэгслийг голын эргээс 50-100 метрийн зайд байрлуулжээ. Усанд осолдохоос урьдчилан сэргийлэх гарын авлага 384 ширхэгийг тарааж, зөвлөмж яриаг 736 иргэнд хийж, сэрэмжлүүлэг, анхааруулгыг тусгай зориулалтын автомашины чанга яригчаар 36 удаа нэвтрүүлж ажилласан байна.

Мөн намгархаг газар суусан таван автомашиныг аюулгүй газарт гаргаж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэг  автомашинтай 5 иргэнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт, хоёр иргэнийг ар гэрийнхэнд нь тус тус хүлээлгэн өгсөн байна.

Аялал зугаалгын улиралд голын эрэг, ногоон бүсэд зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, голын усны осол, ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэдийг болзошгүй голын усны осол, гал түймрийн аюулаас сэргийлж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна