Дэлхийн улс орнуудын ерөнхийлөгч, ерөнхий сайд, гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан зуун хүн коронавирусний хувьслыг зогсоохын тулд вакцинжуулалтын ажилд хувь нэмрээ оруулахыг “Долоогийн бүлэг”-ийн чинээлэг орнуудад хандан уриалжээ.
Тэд Англид энэ долоо хоногийн баасан гаргаас эхлэх “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг угтан илгээсэн захидалдаа ийнхүү бичжээ. Энэхүү уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Их Британи, Франц, Герман, Итали, Канад, Японы удирдагчидтай уулзах юм.
Дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид анх удаагаа уулзах гэж буй энэ бөгөөд гурван өдрийн уулзалтаар дэлхий дахиныг коронавирусний хямралаас сэргээхэд бүлгийн орнууд хэрхэн манлайлах тэргүүтэй өргөн хүрээний асуудлуудаар хэлэлцэнэ.
Улс орнуудыг удирдаж байсан хүмүүс “Долоогийн бүлэг”-т хаягласан захидалдаа, “Дэлхий дахины хамтын ажиллагаа 2020 онд бүтэлгүйтсэн ч 2021 онд шинэ эриний үүд хаалга нээгдэнэ гэдэгт итгэж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ. Мөн вакциныг бага, дунд орлоготой улс орнуудад хүртээмжтэй болгох “Долоогийн бүлэг”, “Хорийн бүлэг”-ийн дэмжлэг нь буяны үйлс биш, харин бүх улс орны стратегийн ашиг сонирхолд илүү нийцэх юм хэмээн бичжээ.
Захидалд гарын үсэг зурсан хүмүүсийн дунд Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун, Тони Блэр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Пан Ги Мүн болон Африкийн орнуудыг удирдаж байсан 15 хүн багтсан байна. “Долоогийн бүлэг”-ийн орнууд болон дээд хэмжээний уулзалтад уригдсан орнуудын удирдагчид цар тахлын эсрэг дэлхий дахины тэмцэлд хоёр жилийн хугацаанд жилд 30 тэрбум орчим ам.долларын дэмжлэг үзүүлэх баталгааг өгөх хэрэгтэй гэж тэд үзжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна