Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна. Одоогоор тодорхой шийдвэр гараад буй асуудлаас Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч танилцууллаа.Тухайлбал, иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах боломжоор хангах хөтөлбөр боловсруулахыг үүрэг болгожээ. Зүрх судасны өвчлөл, хорт хавдар голцуу хожуу үедээ илэрч байгаа нь хүн амын нас баралтын гол шалтгаан болж буй. 2010 онд хорт хавдрын 4,000 гаруй тохиолдол илэрч байсан бол 2020 онд 6700 гаруй болж нэмэгджээ. Иймээс насанд хүрсэн иргэдээ жилд нэг удаа эрүүл мэндийн эрт үзлэгт хамруулахаар төлөвлөж байна.
Мөн өнөөдрийн хуралдаанаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэх цогц бодлого боловсруулах үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өглөө. Аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах үүрэг хүлээж, биелүүлээгүй бол торгууль төлдөг. Тэгвэл цаашид төлбөр аваад өнгөрөх биш хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг заавал ажиллуулах үүргийг төрийн байгууллагууд биелүүлэхийг санууллаа.
Тавдугаар сарын 10-нд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас нийслэл хотод тулгамдсан асуудлыг хэлэлцсэн. Мөн өнгөрсөн сар гаруйн хугацаанд Ерөнхий сайд болон холбогдох албаныхан төвийн зургаан дүүрэгт ажиллаж тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан. Дүүргүүдэд ажилласан тэмдэглэлийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, тодорхой шийдвэрүүд гарч байна. Тухайлбал, түгжрэлийг бууруулах нүхэн гарцын санхүүжилтийг 2022 оны улсын төсвөөс гаргах боллоо. Түүнчлэн Гандан орчмыг тохижуулах зардлыг төсвөөс гаргах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна